2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотноо хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хятад улсын Шинэ Ябаолу худалдааны төв нь Улаанцав хотноо албан ёсоор үүдээ нээж, өрхөө сөхөж байгаа нь энэ аж.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд ОХУ, Монгол Улс, Бээжин, ӨМӨЗО-ны холбогдох салбарын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид, Улаанцав хотын удирдлагууд оролцсон байна.
Шинэ Ябаолу худалдааны төв нь Өвөр Монголын Улаанцав хотноо төвлөрч, нийт 2.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалттайгаар барьж байгуулжээ. Гол төлөв савхи, арьсан гутал, цүнх, булган дээл зэрэг төрөл бүрийн үслэг эдлэл худалдаалах бол эдгээр бараа бүтээгдэхүүн нь Орос, Монгол, Турк, Зүүн Европ, Төв Ази, Өмнөд Африк зэрэг 30 гаруй улс орноор борлуулагддаг байна.
Монгол Улсын Худалдаа Аж үйлдвэрийн Яамны Эрээн хот дахь төлөөлөгчийн захирал н.Энхзаяа хэлсэн үгэндээ: - Шинээр нээгдэж байгаа Ябаолу худалдааны төв нь Эрээн хотоос 400 километрт байрлаж, Монгол Улстай харьцангуй ойрхон худалдааны төв болж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Бээжинд байрлах Ябаолу худалдааны төвд зарагдаж буй бараа бүтээгдэхүүн нь Хятад улсын чанартай бараа бүтээгдэхүүн, мөн гадаадын зах зээлд нийлүүлдэг гэдгийг Монгол Улсын иргэд сайн мэддэг.
Жинин хотод худалдааны төв нээгдэж байгаа нь монголчууд Хятадын чанартай бүтээгдэхүүнийг Бээжин хүрч авах шаардлагагүй Жинин хотоос худалдаж авах боломжтой болж байна. Худалдааны төв нь гадаад бараа худалдааны төв учир Монгол Улсын иргэд энд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгож байна гэв.
Энэхүү худалдааны төвөөс Монгол, Хятад, Орос зэрэг улс орноос өдөрт 20 мянган худалдан авагч хүрэлцэн ирж бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн төрөл бүрийн арьсан эдлэл, үслэг эдлэлийг Хятадын зах зээл дээр байгаа хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой болж байна.
Худалдааны төв нээгдсэнээр Улаанцав хотын “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогоор гадаад нээлтийг өргөжүүлсэн чухал амжилт бөгөөд Улаанцав хотыг олон улсад таниулж, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлэх болно.
