
Монгол нутгийн тансаг өрцөд ур ухаанаа сорьсон олон сайхан бүсгүйчүүд тэнгэрийн хагас багана болж, айл гэр ажил амьдралаа өөд нь татаж байдгийн нэг нь Барга малчин бүсгүй Өлзий билээ. 7 дугаар сарын 15-ны өдөр сэтгүүлч бид Шинэ Барга баруун хошууны Далай сумын бүрд суурины "Өлзийн зуслан"-д хүрэв. Жигдэрсэн долоон монгол гэрийн зүүнтэй хоёр өрөөтэй байшин барьж, монгол гэрийн ар дахь уяан дээр дөрвөн адуу сүүлээ гуядан зогсоно. Нохойн дуунаар гэрээс намхан биетэй, бор царайтай 30-аад насны бүсгүй угтан гарч ирсэн нь Өлзий байлаа.
- Та хэзээнээс жуулчны бааз нээсэн бэ? Бизнес ямар байна даа?
- Өнгөрсөн жилээс эхлүүлсэн, зүгээр суухаар зүлгэж сууя даа. Өмнө нь төлөвлөөд байсан. Өнгөрсөн жил гурван сар гаруй ажиллуулаад 100 мянган юаний орлого олсон. Энэ жил сургуулийн амралт болоогүй юм уу, эсвэл гантай болоод юм уу өнгөрсөн жилийнхэд арай хүрэхгүй байна. Гэхдээ өдрийн нэг ширээ бол тасрахгүй шүү.
- Үйлчлэгч авч ажиллуулж байна уу? Жуулчны бааз ажиллуулахад хэцүү юу?
-Нөхөр маань гадуур ус мод зөөх, хашаа хороо янзлах мэтийн хүнд ажлыг хариуцаж, би гэрт нарийн ажлыг амжуулж бид хоёр сайхан гар нийлдэг юм. Өнгөрсөн жил анх ажиллуулж эхлэхэд зүгээр л хоол ундаа бэлтгэвэл болно гэж бодож байсан. Тэгсэн болдоггүй юм байна. Өмнөд орноос ирсэн хүмүүс чинь монгол газрыг сонирхоно. Ихэнх нь хонож өнжөөд явах дуртай. Бас зарим нь танай монгол гэрт яагаад жорлон байдаггүй юм гэж гайхна. Би мөнгө олохын төлөө олон өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй. Энгийн монгол амьдралыг хүмүүст харуулахыг л хүсэж байгаа. Бага байхдаа нүдээрээ харж, чихээрээ сонссон арал тэрэгтэй, уламжлал наадамтай тэр амьдралын хамгийн энгийн зүйлсийг аажимдаа сэргээе гэж боддог.
Өлзийгийнх бэлчээр бага, мал цөөн. Сүүлийн жилүүдэд малын үнэ бууж, малын орлого зарлагадаа хүрэхгүй болсноос зориг гарган жуулчны баазаа ажиллуулжээ. Энэ талаар туршлагагүй, эгэл жирийн малчин хүн боловч, үндэстний соёл уламжлалаа гэсэн үзэл бодол нь тун чанга аж. Өнгөрсөн жил дөрвөн монгол гэр, хоёр морьтой жуулчны баазаа анх нээж байсан тэрбээр энэхүү ажлаа байнгын ажил болгож хийхээр зориг шулуудаж, өнгөрсөн жилийн олсон 100 мянган юань дээрээ энэ жил банкнаас дахин 100 гаруй мянган юаний зээл авч, зургаан адуу, нэг тэмээ, гурван монгол гэр худалдан авч, хоёр өрөөтэй хоолны газар барьж, нэг тогооч, хоёр зөөгч, нэг адуучин ажилд авсан байна.

Оройн сэрүүн ороход Бүрэнтөгөсийн ээж ботгоо хашаандаа оруулж, нэг нэгээр уяад ингээ оруулан саалаа. Хорь гаруй ингэ саахад бараг хоёр цаг гаруй болов.
Малчин хүн гэдэг мал сүргээ амин эрдэнэ шиг хайрладаг. Байгаль орчинг хамгаалахын тулд төрийн бодлого гаргаж, өмнөх шиг тал дүүрэн мал сүрэг бэлчихээ больсон ч ингээ сааж, ботго тэмээгээ үргэлж ойрхон байлгах нь мал сүргийн дэргэд сэтгэл дүүрэн амьдрах малчин хүний малаа гэсэн сэтгэл. Малын ашиг шимийг боловсруулж, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа олж, орлогоо нэмэгдүүлж байгаа нь орчин цагийн малчдын бас нэгэн амьдрах ухаан.

- Бид хонио өөрсдөө хариулдаг. Өнгөрсөн жил сургуулийн нэг ангийн 30-аад хүн манай баазад ирэхэд багтаах газаргүй сандарч байсан. Энэ жил бага хэмжээний хөдөөний хуримыг зохион байгуулж чадахаар боллоо гэж байв.
Өлзий зуслангийн нутаг дээрээ бодож явсан жуулчны баазаа ажиллуулж, хонь малаа борлуулж орлого олж, хүрэлцэн ирсэн гадны зочинд уламжлалт монгол амьдралаа энгийн байдлаар нь харуулж чадах болсондоо сэтгэл өндөр явна. Түүний шинэ босгосон найман ханатай монгол гэрт авдар хорго, тавилга чимэглэл, эмээл хазаар, зодог өмсгөлөөс эхлээд монгол шатар, шагай наадам гээд олон монгол онцлогтой эдлэл хэрэгсэл байгаа бөгөөд үүнийгээ цааш нь өргөжүүлэхээр бэлтгэл хийж байна.
- Хүний санаа үзүүргүй гэдгээр ирэх жилээс би үхэр худалдан авч, хасаг тэрэг хийлгэн бага байхдаа харж байсан тэрхүү хөдөөний хуримаа сэргээн сурталчилж, жуулчны баазаа нэрэндээ таарсан малчин айлын уламжлалт соёлын аялал жуучлалын газар болгохоор төлөвлөж сууна гэж Өлзий итгэл сэтгэл дүүрэн ярилаа.
