Өвөр Монголын Мөнх гал ХХК болон Монгол Улсын Нийгмийн шинжлэх ухааны академи 6 дугаар сарын 6-ны өдөр “Монгол хэлний их тайлбар толь”-ны онлайн толь бичгийг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

“Монгол хэлний их тайлбар толь”-ийг 2008 онд Монгол Улсад хэвлэн тараажээ. Онлайн толь бичгийг кирил монгол үсэг, уйгаржин монгол үсэг зэрэг хоёр монгол үсгээр хаджээ. Монгол Улсад уйгаржин монгол үсгийн программ хангамж хангалтгүйн улмаас онлайн “Монгол хэлний их тайлбар толь”-ны толгой үсгийн уйгаржин монгол үг нь бүрэн илрэхгүй байжээ. Энэхүү техникийн бэрхшээлийг даван туулахын тулд Монгол Улсын Нийгмийн шинжлэх ухааны академи Өвөр Монголын Мөнх гал ХХК-тай хамтран ажиллах болжээ.

- Манай компани 2002 оноос эхлэн уйгаржин монгол үсгийн тухай программ хангамжийг хийж судалсаар ирсэн бөгөөд олон улсын кодын стандартад нийцсэн. Монгол хүн бүхэнд хэрэгтэй толь бичигт бага ч гэсэн хувь нэмэр оруулсандаа баяртай байна хэмээн Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Монгол хэлний компютерийн төвийн дэд дарга, Өвөр Монголын Мөнх гал ХХК-ын дэд дарга Батсайхан илэрхийлэв.

“Монгол хэлний их тайлбар толь”-ийн онлайн толь нь 60000 гаруй толгой үг, 80000 гаруй холбоо үгийг хамарсан бөгөөд бараг үг бүрд зураг хадсан байна.

