solongonews
Малынхаа ашиг шимээр амьдралаа босгоно
2016-08-25 16:07
Малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа босгоно.

        Шилийнхотын Баянбулаг сумын Баянхараат багийн малчин Төмөрийн айраг борлуулж, амьдралаа босгож яваа айлын нэг юм.

        Хөдөө нутагт айраг цэгээ ханхалж, хүн зон баяр хөөрөөр бялхсан зуны нэгэн өдөр сурвалжлагч малчин Төмөрийнд хүрч, түүний үйлдвэрлэл амьдралтай танилцлаа. Төмөр 667 га бэлчээртэй бөгөөд голдуу хонь үхэр маллаж байжээ. Сүүлийн жилүүдэд орлого нь зарлагадаа хүрэхгүй болж, хоёр хүүхэд нь сургууль соёлын мөр хөөснөөс хойш улам их мөнгө зарцуулах шаардлага гарч, Төмөр боломжийг амжин харж, гүү сааж айраг худалдахаар болжээ. Ингээд гэргий Чимэгтэйгээ 2006 оноос эхлэн адуу маллаж эхэлсэн байна. Эхлээд 10 гүү сааж байсан Төмөр өдөржин айргаа борлуулан тун завгүй. Одоо Төмөрийнх 100 гаруй гүүтэй болсон ч газар нутаг нь нэмэгдээгүй бэлчээр хүрэлцэхгүй асуудал тулгарсан байна. Иймээс бусад 266 га нутгийг түрээслэн, хонь үхрийн тоо толгойгоо цөөлсөн байна. Айргийн борлуулалт хэр зэрэг байгаа талаар асуухад Төмөр:

        - Анх айраг борлуулах тусгай газар байхгүй, айрагны борлуулалт муухан байсан. Сүүлд тогтсон борлуулах газартай болсноор олон хүн худалдан авах болж, борлуулалт ч сайжирлаа. Манай айраг цэвэр, эрүүл ахуйн баталгаатайгаараа хүмүүсийн таашаалд хүрч байна гэлээ.

        Төмөр 2014 онд Шилийнхотод байр түрээслэн “Зул” цагаан идээний дэлгүүр ажиллуулж, айраг борлуулах болсноор айраг авах хүн ч олон болж, орлого нь ч нэмэгдсэн байна. Энэ жил айраг борлуулж эхэлснээс хойш гурван сарын цэвэр орлого 200 мянган юань хүрлээ гэж Төмөр бидэнд ярьж байсан юм.

        - Амьдралаа аргацаахын тулд айраг борлуулж эхэлсэн. Харин хойшид айргаа олон хүнд таниулж, айргийн аж үйлдвэрлэлээ улам сайн хөгжүүлэх тал дээр хичээн ажиллана гэж Төмөр гуай ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухайн бидэнд ийнхүү хуваалцаж байлаа.

Зохиогч: Оюунданзан
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл