solongonews
Удам залгах Монгол ухаан
2016-03-21 15:26
Монголчууд эрт үеэс айл гэрийг хүн амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж, эхнэр нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг шинждэг уламжлалтай.

Иймээс ч хүү охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог байжээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхэд анхаарахын зэрэгцээ эцэг эхийн сэтгэл чухал нөлөөтэй байдаг. Эцэг эх нь бэр хүргэнээ шинжихдээ удам судрын гарлыг, хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмжийг ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, буян заяа арвинг /ажил хөдөлмөр/, ёс горим, эрдэм номыг, нас сүүдэр жил зохицохыг долоон шинжээр үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгайч, худал хэлдэг, ажил төрөл зан авир муутай, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгосны үндсэн дээр хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүй ёсны шаардлага юм.


Мөн овог дотроо юм уу эцгийн талын долоо юм уу, эхийн талын гурав доторх төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэж, цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие сэтгэлийн гажигтай төрөхөөс гадна сэргийлдэг байжээ. Монголчууд “Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй” гэдэг учир хусавч үл арилах ясан төрлөө, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхэддээ хичээнгүйлэн захидаг байж . Ингэснээр үр удмаа эрүүл, ариун байлгах шаардлагын зэрэгцээ төрөл садан ах дүүгээ сайн мэдэж, дотносох, бие биеэ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм.

Эцгийн талыг ясан төрлийн, эхийн талыг цусан юм уу махан төрлийн гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх хойдох долоон үеийг сайн нэрлүүлж сургах нь зүйтэй юм. Тухайлбал өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү-ач, гуч жич, дөч, тач, жилийх, талийх гэсэн долоон үеэ мэддэг байх учиртай.

Төрөл саднаа хэддэх үеийнх болохоо самуурч будилалгүй амар хялбар тооцох аргыг монгол түмэн үр хүүхэддээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл гарын үзүүр хүртэл мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, чи тэр овогтны тийм үе байна гэх мэтээр хэддэх үе дээрээ явааг хэлэхээс гадна долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв.
Тухайлбал: Гарын шуунаас эхлэн хөлийн үзүүр дуустал тэмдэглэн хэлнэ.


1. Гарын бугалаг /хөлийн дунд/ чөмөг - Нуган хүүгийн үе
2. Гарын шуу /хөлийн шилбэ/ чөмөг – Ач хүүгийн үе
3. Гарын сарвуу /хөлийн тавхай нэгдэх холбоос/ чөмөг – жич хүүгийн үе
4. Гарын сарвуу /хөлийн тавхай хоёрдахь холбоос/ чөмөг – гучийн үе
5. Гарын сарвууны /хөлийн тавхай/ яс – жичэнцрийн үе
6. Гарын хуруу /хөл хурууны нэгдэх/ яс – гучинцарын үе
7. Гарын хуруу /хөлийн хоёр дахь/ яс – жилийнхийн үе
8. Гарын хуруу /хөлийн гурав дахь/ буюу үзүүрийн яс – талийх үе гэж нэр өгч тогтоолгон сургадаг байсан бөгөөд үүнээс цааш төрөл сунжирсан хэмээн үе мултарсанд тооцдог байж.

Цээжин биеэр өөрийгөө төлөөлүүлэн, түүнээс гадагшлуулан тоолсоор аминаас хол хурууны үзүүр хүрэхэд жилийнхийн үе дуусч хар элгийн буюу хөндлөнгийн хүнд тооцогддог нь удам судар садан төрлийн тогтолцоог амьд хүнтэй зүйрлэсэн нь сонин санаа юм. Мөн нэмж дурдахад эхийн талын удмыг: Эх, эмэг эх, элэнц эх, хуланц эх /эмэг, өндөр эмэг эх гэх мэтээр гар хөлийн үе мөч гэж энэ мэтчилэн тоолж болно.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл