Хүсэл мөрөөдөл, санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрдэг гэдэг. Баруун Үзэмчин хошууны төв Балгаргол суурингийн “Урын сан” дотоод засал чимэглэлийн газрын эзэн Түвшинжаргал Улаанхаалга сумын Шинэгол багийн нутагтай. Тэрээр 2009 онд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуй Их Сургуулийн Байгаль орчны дизайны мэргэжлээр төгссөн байна. Нийгмийн хөгжлийн хатуу ширүүн өрсөлдөөнд өөрийн байр сууриа олсон, нийгэм олон нийтэд танигдсан бизнесмен болж ганзага дүүрэн яваа юм.
“Санаа байсан газарт унаа хүртэг” гэдгээр Түвшинжаргал их сургуулийн нэг ангийн сурагч Цацартай хамт ажиллаж, 100 мянган юанийн хөрөнгө оруулан, Балгаргол сууринд 75 кв.м талбайтай байрыг жилийн 16000 юаниар түрээсэлжээ. Засал чимэглэлийн бор материал, компьютер, өнгөт хэвлэх машин зэргийг иж бүрнээр нь бэлдэж, 2010 оны 5 дугаар сард “Урын сан” засал чимэглэлийн газрынхаа өрхийг сөхөж үйлсийнхээ анхны алхаагаа алхсан билээ.
Түвшинжаргал залуугийн ажил үйлсийн анхны зам нээгдсэн ч аяллын харгуй нь тийм шулуухан биш. Тэрээр шинэ цаг үеийн хөгжлийн хандлагад зохицуулж засал чимэглэлийн зураг төслийн мэргэжлээ дээшлүүлэхээр улсын дотоод гадаадын засал чимэглэлийн мэргэжлийн бүхий л ном сэтгүүлийг үздэг бөгөөд интернэт ашиглан мэргэжил чадвараа дээшлүүлсээр иржээ. 2011 онд хошууны ажил олголтын товчооноосоо 100 мянган юанийн зээл авч арилжаа наймаагаа хөгжүүлснээс сүүлийн жилүүдэд 30 гаруй өрхийн орон сууцыг засаж янзлаад жилийн цэвэр орлого 40-50 мянган юаньд хүрсэн байна.
2012 онд Түвшинжаргал үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх үүднээс их сургуулийн ангийн анд Буянтай хамтран ажиллаж модон шал худалдаж эхэлсэн бөгөөд 100 гаруй өрх болон албан байгууллагын засал чимэглэлийн ажлыг даан авч хийгээд 170 мянган юанийн орлого олсон бөгөөд 60 мянган юанийн зээлээ төлсөн байна. 2013 онд тэрээр дэлгүүрээ хошууныхаа “Барилгын материал”-ын гудамжинд нүүлгэж 146 кв.м хоёр давхар байрыг түрээслэн авсан байна. Өнөөдөр жилийн 200 гаруй юанийн орлоготой болсон байна.
Түвшинжаргалын “Урын сан” засал чимэглэлийн газар нь засал чимэглэлийн баг, модон дархны ажлын баг, шавардлага хийх ажлын баг зэрэг 20 гаруй ажилтнуудтай болж хөгжсөн аж. Айл өрхийн орон сууц, зочид буудал, хоолны газар зэрэг нийт хэдэн зуун захиалгын ажлыг хийж дуусгасан бөгөөд Баруун Үзэмчин хошууны боловсон хүчний үйлчилгээний төв болон Горхон суурингийн Сэхээтэн талбайн чулуун сийлбэр, ханын зураг, Шилийнгол аймгийн нийтийн үйлчилгээний төв, Зүүн Үзэмчин хошууны Хонины музей зэрэг том том барилгын зураг төслийн ажлыг хийсэн бөгөөд зах зээлийн өрсөлдөх чадвар сайтай хувийн аж ахуйн нэгжийн нэг болсон билээ.
