“Талын зам”, “Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор” зэрэг төслийн хэрэгжилтийн явцад хоёр орны хамтын ажиллагаа өргөн олон салбаруудад өргөжин тэлсэн. 2016 оны гуравдугаар сард Монгол Улсын хэвлэл мэдээлэл, боловсрол, урлагийн салбарын төлөөлөгчид Өвөр Монголын тухай ойлголт авахаар хүрэлцэн ирж байгаа нь үүнийг харуулж байгаа билээ.
Үзэг нэгтний айлчлал
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах Зөвлөлийн Гишүүн Ж.Энхбаатар тэргүүтэй Монгол Улсын хэвлэл мэдээллийнхэн гуравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Өвөр Монголын Хөххот, Ордос, Бугат хотуудаар айлчилсан юм.
Энэхүү үйл ажиллагааг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулсан.Түүнчлэн ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаадтай харилцах албаны дарга Баянжаргал аяллын бүх хугацаанд биечлэн газарчиллаа. Энэ удаагийн аялалд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хамрагдсан 18 аймгийн 20 сэтгүүлчид хүрэлцэн ирсэн бөгөөд сонин, телевиз, сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг багтаажээ.
-Энэ бол Монгол Улсын орон нутгаас хамгийн олон сэтгүүлчдийг хамарсан баг юм гэж Ж.Энхбаатар бидэнд танилцуулж байсан юм.
Нэг долоо хоног аялж, сэтгүүлчид Хөххот, Бугат, Ордос гурван хотын уламжлалт зан заншил, соёл түүх, нийгэм эдийн засгийн хөгжлийн байдалтай танилцлаа. 2000 онд Өвөр Монголын Засгийн газраас Хөххот, Бугат, Ордос гурван хотыг нэгэн цогц болгон хөгжүүлэх төрийн бодлогыг тогтоосон. Иймээс “Хөххот, Бугат, Ордос гурван хотын эдийн засгийн бүс” гэсэн нэр өгсөн байна. 2013 он болоход гурван хотын нийт ДНБ их наяд юанийг давж, Өвөр Монголын хэмжээнд ДНБ–ний 59 хувийг эзлэн Хятадын далай дагуух муж орны хөгжлийн түвшинд хүрсэн байна. Үүнд, Хөххот ӨМӨЗО-ны төв хотын хувьд соёл, улс төрийн төв болно. Бугат хот Өвөр Монголын хамгийн том хот бөгөөд аж үйлдвэрийн төв хот юм.Ордос хот нь шинээр байгуулагдсан шинэхэн хот бөгөөд эрчим хүчний хот гэдгээрээ алдаршсан байна. Өөрөөр хэлбэл, Өвөр Монголын тухай ойлголт авах гэвэл Хөххот, Бугат, Ордос гурван хотоос эхлэх нь маш зөв сонголт аж.
-Уламжлалт монгол өв соёлоо үлдээж хадгалан, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж байгааг олж харлаа. Хэдийгээр орчин цагтай хөл нийлүүлэн алхах ёстой боловч уламжлалт соёл гэдэг ямагт байх ёстой гэдгийг Өвөр Монголчууд минь бодит ахуй, бодит амьдралаараа харуулж байгаа нь маш их сэтгэлд хүрч байна гэж Сүхбаатар телевизийн сэтгүүлч Б.Өлзийтогтох Өвөр Монголын музейгээр аялсны дараа ярьж байсан юм.
Сэтгүүлчдийн баг Өвөр Монголын радио телевиз, Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны Солонго мэдээллийн төвд айлчилсан нь мөн нэг онцлог байлаа. Гуравдугаар сарын 16-ны өдөр Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд “Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний уулзалт”-ыг зохион байгуулсан нь хоёр орны сэтгүүлчдэд санал бодлоо солилцох боломжийг олголоо.
Мөн энэхүү уулзалтаар Монгол Улсын сэтгүүлчид Солонго мэдээллийн төвтэй илүү сайн танилцлаа. Солонго мэдээллийн төв нь Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны гол эрхлэж буй мэдээллийн төв юм. Тус төв нь 2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор байгуулагдсан. 2014 оны 9 дүгээр сард Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо албан ёсоор байгуулагдсан. Мөн тухайн оны 11 дүгээр сард Өвөр Монголын Өдрийн сонин болон “Монгол Улсын Бизнесийн мэдээ сонин” хамтран долоо хоног тутмын “Солонго сонин”-г кирилл бичгээр эрхлэн гаргаж, Улаанбаатар хотод албан ёсоор хэвлэн тараасан.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаатар:
- Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Монгол Улсын 21 аймаг хотын бүх салбарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамарсан байдаг. Ард иргэд болон малчидтай хамгийн ойр байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хэлж болох бөгөөд Монгол Улсын өнцөг булан хүртэл бүрхэн хүртээж байгаагаараа онцлог юм. Хэрвээ бидний орон нутгийн сонин болон сайтууд Солонго мэдээллийн төвтэй хамтарч ажиллаж чадвал хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа улам бүр хөгжлөө олох болно гэсэн юм.
Бугат хотоор аялж явах хугацаандаа сэтгүүлчид маань Бугат хотын машин тоног төхөөрөмжийн үйлдвэр, Бугат хотын шинжлэх ухаан технологийн парк зэрэг газруудаар зочилж, Өвөр Монголын аж үйлдвэрийн хот Бугат хоттой танилцсан байна. Бугат хотын Чин Шань дүүргийн Улалж тосгонд хэрэгжсэн “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилттэй танилцаж ойлголттой болсон юм. Ордос хотын Эзэн Хороо хошууны “Эрдэнийн товч” соёлын парк, Улаан гэгээний ордон, Чингисийн онгон зэрэг газруудтай мөн танилцав.
- Бидний ихэнх нь Бугат хотод анх удаа ирж байна. Бугат хотын бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийг маш сайн хийсэн байгаа нь харагдлаа. Шинжлэх ухаан, технологи ихээхэн хөгжсөн байна. Бидэнд санаа авах зүйл олон байна гэж “Булганы мэдээ” сонины эрхлэгч Г.Норжмаа ярьсан юм.
ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаадтай харилцах албаны дарга Баянжаргал энэ удаагийн үйл ажиллагааны ач холбогдлын тухай танилцуулахдаа:
- Энэ удаагийн үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, бүх салбаруудтай холбогдоход маш чухал ач холбогдолтой юм гэлээ.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба 2016 оноос эхлэн жил бүр 100 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Өвөр Монголд урьж хоёр орны сэтгүүлчдийн солилцоог гүнзгийрүүлэхийн дээр хоёр орны харилцан холбогдох, хамтын хөгжлийг цаашид бэхжүүлэхээр хичээн ажиллаж байна.
Боловсролын ажилтнуудын аялал
Монгол Улсын боловсролын ажилтнуудын төлөөлөгчдийн баг 3 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Хөххот, Бугат, Ордос хотуудаар аялсан юм. Боловсролын ажилтан гэдэг утгаараа энэ удаагийн аялалд гурван хотын монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг болон бага сургуультай танилцсан нь онцлог боллоо.
Гуравдугаар сарын 22-ны өдөр багийн гишүүд Хөххотын үндэстний туршилтын сургууль, Хөххотын Монгол хүүхдийн цэцэрлэг зэрэг газруудтай танилцсан байна. Монгол Улсын БСШУЯ-ны СӨХ-ийн дарга Б.Гантулга:
- Бид Хятад улсын ӨМӨЗО-ны монгол цэцэрлэг, монгол бага сургуультай танилцаж, сургууль болон цэцэрлэгийн боловсон хүчний зохион байгуулалтын ажлын тал дээр туршлага солилцох зорилготой ирсэн юм. Аялал маш амжилттай боллоо гэж ярьлаа.
“Хятад, Монголын боловсролын салбарын ажилтнуудын уулзалт ярилцлага” аяллын хоёр дахь өдөр Хөххотын Үйлс зочид буудалд болсон юм. Монгол Улсын БСШУЯ-ны СӨХ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй Монгол Улсын боловсролын ажилтнууд болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боловсролын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Жүө Гуанюань нар тус үйл ажиллагаанд оролцов. Гурван цаг гаруй ярилцсан уулзалтад хоёр талын боловсролын ажилтнууд Хятад, Монгол хоёр улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд анхаарлаа хандуулах тал дээр санал бодлоо хуваалцан, туршлагаа солилцлоо.
Нийслэлийн боловсролын газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн З.Болормаа:
- Энэхүү уулзалтад оролцоод маш ололт амжилттай байна. Уулзалтаар хоёр талын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын ерөнхий байдал, сургуулийн бүтээн байгуулалт, сургуульд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зэргийн тухайд тодорхой ойлголттой боллоо. Энэхүү ойлголтын үндсэн дээр хэрхэн хамтын ажиллагаагаа ахиулах нь одоохондоо хамгийн чухал зүйл болоод байна гэж хэллээ.
Хоёр орны боловсролын цар хүрээн дэх хамтын ажиллагаа өмнөх зууны 70-аад оны эцсээс 80-аад оны эхэн үед явагдаж байжээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжин 2005 онд ӨМӨЗО-ны Засгийн газар ба Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам Монгол Улсын сурагч Өвөр Монголд ирж суралцах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээ нь таван жилийн хугацаатай бөгөөд өдгөө гэрээний хугацааг гурван удаа сунгаад байна.
ӨМӨЗО-ны Боловсролын яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Жүө Гуанюанийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх тал дээр хамтран ажиллах тухай санал энэ удаагийн уулзалтын гол сэдэв болж, тэдний анхаарлыг татлаа. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол нь тухайн хүний бүхий л амьдралын боловсролын эхлэл бөгөөд хоёр орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тогтоох чухал хүчин болно. Тиймээс хоёр талын боловсролын ажилтнууд үргэлж харилцаа холбоотой байж, хамтын ажиллагаагаа өрнүүлэх нь чухал ач холбогдолтой байна гэхэд болно.
