solongonews
Амьдралын нугачаанд хатуужсан малчин бүсгүй
2016-08-26 12:00
Шулуунхөх хошууны “Бошуудай үхэр хонины махны дэлгүүр”-ийн эзэн Наранааг сурвалжиллаа.

        Шулуунхөх хошууны Шант суурингийн “Бошуудай үхэр хонины махны дэлгүүр”-т мах авах хүн тасрахгүй цувна. Дэлгүүрийн эзэн Наранаа ирсэн зочиндоо халуун дотноор үйлчилж, дэлгүүр дэх хонь үхрийн махаар хэрэглэгчдийн шаардлагаар хэрчиж, баглажбоодоллож өгөөд тун завгүй. Бор царайтай, махлаг энэхүү хөдөөний бүсгүйн хөдөлж барихыг харахад ажилдаа шаламгай нь илхэн бөгөөд арилжаа наймаа нь сайн гэдгийг нь магадалж болно. Гэсэн хэдий ч түүний амьдралын зам харин тийм шулуухан биш юм.

        Бага хүү нь дөнгөж ой хүрч байхад нөхөр нь түүнээс салсан учир Наранаа нялх хүүгээсээ бусад юу ч үгүй Шант сууринд очсон гэдэг. Энэ байдалд Наранаа гараа нухлан зовж суугаагүй. Харин “амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдгээр шүд зууж, мөнгө төгрөг зээлж байгаад Шант сууринд махны дэлгүүр ажиллуулахаар боллоо.

      - Тэр үед аав ээж минь намайг их дэмжсэн болохоор би гэр бүл, хамаатан сааднаасаа 70 мянган юань зээлж, махны дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн. Аав минь дэлгүүрийн ажилд тусалж, ээж хүүг харж байсан гэж Наранаа ярив.

        Зуны цаг өглөөний таван цагаас өмнө босож, ялаа батганагүй үед амжуулж хонио гаргадаг. Тэгээд мах шулах, хэрчих, боодоллох зэрэг олон ажлаа амжуулна. Юу ч болж байсан зочдын хэрэгцээ шаардлагад зохицуулах гээд хичээн ажилладаг.

        Наранаа дэлгүүрийнхээ махны чанар чансаанд маш их анхаарал хандуулдаг учир зорьж очин мах авах хүн олон бөгөөд нэг өдөрт 12 хонь гаргаж зарсан удаатай.

     

   Өнгөрсөн өвлийн идэшний үеэр хүмүүс “Бошуудай үхэр хонины махны дэлгүүр”-ийн мах сайн гэж зорьж ирж байв.

        - Манай дэлгүүр намар болон өвлийн идэшний үед л үхэр зардаг. Энэ өвлөөс нөхцөл бололцоотой бол борц зарах санаатай байна гэж Наранаа өөрийн бодлоо дэлгэлээ.

        Ажилч хөдөлмөрч Наранаагийн хичээл зүтгэлээр түүний наймаа өдрөөс өдөр ирэх тусам өнгөтэй өөдтэй. Өнгөрсөн жил түүний махны дэлгүүрийн цэвэр орлого 80 гаруй мянган юань хүсэн бөгөөд өрөө төлж дууссан байна.

   - Махны дэлгүүрээ анх ажиллуулахад надад бэлэн мөнгө байгаагүй. Хөргөгч машинаас эхлээд энэ тэр машин төхөөрөмж болон байрны түрээсний мөнгө зэрэг олон зардлын тал дээр өрөөл бусдын дэмжлэгээр амжилтад хүрч чадлаа гэв.

        Наранаа амьдралдаа бүдэрч гэнэдэж явсан ч ажилсаг зан чанараараа амьдралаа дахин босгосноос өнөөгийн энэ нийгэмд бусдаас дооргүй амьдарч, өөрийн ажил үйлсийнхээ төлөө үргэлжлэн мэрийсээр байна.

Зохиогч: Уяхан
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл