
Бугат хот нь Хятадын умард хязгаар, ӨМӨЗО-ны баруун хэсэгт оршдог, Өвөр Монголын хамгийн том аж үйлдвэрийн хот бөгөөд Хятад улсын хэмжээнд анхны ээлжит соёл иргэншлийн хот юм. Буга олон байснаас Бугат гэж нэрлэсэн байна. Уг хот нь 27.8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Дэргэдээ Биньхэ шинэ дүүрэг, Гүян шань Түмэд баруун хошуу, Дархан Муумянган холбоот хошуу зэрэг 9 хошуу, шянь, дүүрэг ба улсын зэрэглэлийн газрын ховор элементийн дэвшилтэт шинэ технологийн аж үйлдвэрийн хөгжлийн нэг бүстэй. 2.496 сая хүн амтай бөгөөд үүнээс суурин хүн ам нь 1.863 сая болно. Монгол, Хятад, Хотон, Манж зэрэг 43 үндэстэнтэй.
Бугат хот Өвөр Монголын баруун хэсгийн хамгийн том бүс нутгийн төв хот юм. Бээжин-Бугат, Бээжин-Ланьжөү, Ланьжөү-Шиньжян чиглэлийн төмөр зам дагуух чухал хот төдийгүй Бээжин-Төвд чиглэлийн хурдны автозам, Бугат-Дархан Муумянган холбоот хошуу чиглэлийн хурдны автозамын уулзвар болно. Бугатын нисэх онгоцны буудал нь 4г зэрэглэлтэй бөгөөд одоогоор дотоодын гол хотуудад нислэг үйлддэг. Бугат хот нь Хятадын баруун, умард, баруун хойд бүс нутгийн зам харилцааны зангилаа болох бөгөөд Хятадын умардын хэсгийн эдийн засагт чухал байр суурийг эзэлдэг.

Бугат хот нь ашигт малтмалаараа дэлхийд нэртэй. Бугат хотын дэргэд 1950 онд зөвлөлтийн геологичид асар том төмрийн ордыг илрүүлэн нээж, хайгуулыг нь хийсэн байна. Тэр үеэс өнөөдрийг хүртэл Баотоу буюу Баян-Овоогийн төмрийн ордыг ашиглаж байна. Баян-Овоогийн төмрийн ордын төмрийн хүдэрт газрын ховор элементийн буюу газрын ховор шорооны элементийн агуулга маш өндөр байдаг онцлогтой. Энэ үүднээс төмрийн хүдэр гэхээс газрын ховор элементийг нь авч ашигладаг. Хятад улс нь дэлхийн газрын ховор элементийн бараг 90 хувийг хангадаг бөгөөд түүнээсээ 90 гаруй хувийг нь зөвхөн Баян-Овоогийн ордоос олборлодог байна. Уг хотын төмрийн хүдрийн нөөц нь 1.7 тэрбум тонн, газрын ховор элементийн аж үйлдвэрийн нөөц нь 100 сая тонн байдгаараа дэлхийн хэмжээнд 62 хувийг, Хятадын хэмжээнд 87 хувийг эзэлдэг. Иймээс Бугатыг "Тал нутгийн ган төмрийн хот", "Газрын ховор элементийн төв" гэдэг.
Хагас зуун жилийн бүтээн байгуулалт болон хөгжлөөр Бугат нь ган төмөр, хөнгөн цагаан, машин механик үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүч, газрын ховор элемент, нүүрс зэрэг давуу талтай салбараар онцлог болгосон Бугатын өвөрмөц аж үйлдвэрийн систем төлөвшжээ.

Бугат хот нь өнө эртний түүх болон агуулгаар баян соёлын өвтэй. ХХ зууны 70-аад онд Бугат хотын захын дүүргээс илрүүлсэн Рашааны соёлын туйр болон их хэмжээний соёлын өвөөс харахад 6000 гаруй жилийн тэртээ шинэ чулуун зэвсгийн үед Бутгатад хүн төрөлхтөн оршин амьдарч байсныг харуулж байна. Бугат хотод мөн Жао, Чинь улсын Цагаан хэрэм, Эртний Мачы хот, Эртний Ариун хотын туйр, Мони уулын эртний хийд Бадкар зуу, боомтын гаднах нэртэй хийд Майдар Зуу зэрэг нэр алдартай газрууд байдаг. Шармөрөний тал болон Есөн оргилт уул зэрэг дархан цаазтай газруудтай.
Бугат хотын метроны төсөл 2016 оноос хэрэгжиж, эхний ээлжид Хөндлөн дүүрэг, Чиншань дүүрэг, Жиүюань дүүрэг болон Дүнхэ дүүрэгт байгуулах юм байна.
2015 оны эхний хагас жилд Бугат хот 5 сая юанаас дээш хөрөнгө оруулалт хийсэн бизнесмэн урьж хөрөнгө оруулалт хийх төслийг 583 хэрэгжүүлснээр Хятад улсын дотоод(Өвөр Монголын гаднах)хөрөнгө оруулалтын хэмжээ 31.13 тэрбум юаньд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үеэс 21.2 хувиар нэмэгдэн, хэрэгжүүлсэн төслийн тоо, хөрөнгө оруулалтаараа ӨМӨЗО-ны нийт аймаг хотыг түрүүлсэн байна.
