Шулуунхөх хошууны Сангийн далай суурингийн Баяншил багийн малчин Цагааны нутаг хайлаасан ойтой. Хүмүүс үүний тухай сонирхон “ямар сайхан хайлаасан модтой нутаг вэ? Эдгээр модыг та өөрөөр суулгасан уу?” хэмээн асуудаг гэнэ. Энэхүү асуултын хариуд малчин Цагаан:
- Энэ хэсэг газар өмнө нь цөөн хэдэн хайлаас модтой цөл газар байсан. Одоогийн хайлаасан ойг манайхны үхэр суулгасан шүү гэдэг байлаа. Түүний ингэж хэлэхийн учир юу вэ?
Цагаан 1998 онд өөрийн нутагт хамрагдах 16 га цөл газраа тор татаж хүрээлээд зөвхөн тугал бяруугаа оруулдаг байжээ.
- Анх торлох үед энэ бэлчээр дээр 40 гаруй хайлаас мод байсан бөгөөд өөр ургамал ургахгүй байсан. Тухайн үед зөвхөн зун болон намартаа тугал бяруугаа оруулах гэсэн бодлоор энэ газрыг хүрээлж авсан юм гэж Цагаан бидэнд танилцууллаа.
Арваад жилийн хугацаанд бэлчээрээ торлож хүрээлсэн бөгөөд зөвхөн тугал бяруугаа л бэлчээж, бог мал оруулахгүй байснаар энэ газрын экологийн онгон төрх дахин сэргэсэн байна. Цөл газар ой модтой болсон бөгөөд өвс ногоо ч гарах болсон нь бэлчээрийг торлож хүрээлэн бог мал оруулалгүй хамгаалсан явдалтай шууд холбоотой боловч Цагаан харин үүнийг тугал бяруутай хамгийн их холбоотой хэмээн үздэг аж. Түүний энэ бодол буруугүй нь мэдээж юм. Хайлаа мод их хэмжээгээр ургаж, салхи халхлан цөл газрыг тогтворжуулж хөрсийг сайжруулан бусад ургамал ургах нөхцөл бүрдүүлж өгсөн эдгээр тугал бяруу модны үрийг дамжуулахад чухал нөлөө үзүүлсэн байдаг. Намрын салхинд хайлаас мод замбаа газар унагахад тугал бяруу бэлчиж явахдаа замбааг хөрсний гүнд оруулдаг. Малын хөлд гишгэгдэн хөрсөнд шигдсэн хайлаас модны замбаа салхинд хийсэхгүй тогтвортой болж, дараа жилийн хавар хайл болж түмэн бодис амилахад ургаж гарч ирдэг. Арваад жилийн хавар намар ээлжлэх хугацаанд тор хүрээнд байгаа тугал бяруу идэшлэн явахад хайлаас модны үрийг дамжуулж, хөрсөнд гишгэж оруулсаар л байж, анх эхлэхдээ зөвхөн 40 гаруй суурь модтой байсан энэхүү цөл газар хайлаас модны ой болсон байлаа.
- Бид хүний хүчээр нэг ч хайлаас мод суулгаагүй. Гэсэн хэдий ч цөл газарт хайлаас мод ургаж, экологийн орчин ихээхэн сайжирсан. Энэхүү газрын экологийг сайжруулсан гавьяатнууд бол даруй бидний тугал бяруу гэж би омог бардам хэлж чаддаг. Үхрийн сүрэг цөл газрыг ногооруулсан энэхүү үнэн бодитой явдлаас бид байгаль амьтны зохицлыг олж харж болно. Хүн байгаль зохицон амьдардагтай адил амьтан байгаль ч ингэж зохицдог гэж малчин Цагаан өөрийн бодлын тухай бидэнтэй ийнхүү хуваалцсан билээ.
