solongonews
Туурайн онол ба тооцооны ид шид
2016-11-21 16:39
Одоо хонь малласан ч тэр, үхэр малласан ч тэр заавал нарийн данс бодох хэрэгтэй гэж Шилийнголын малчид ярих юм.

Хятад улсын коммунист намын XVII удаагийн бүх улсын төлөөлөгчийн их хурлын төлөөлөгч, Хятадын шилдэг намын гишүүн, Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багийн малчин Тин•Баатарын хүсэл бодол өөр байлаа. 10 дугаар сарын 18-ны өдөр сурвалжлагч Тин•Баатарын гэрийг зорин очиход тэрээр өөрийн хэмээх шинжлэх ухаанч хөгжлийн загварыг бүтээгээд байгаль орчин, эдийн засгийн сайн өөрчлөлт орчин үеийн бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлж, үйлдвэрлэлийн өртгөө багасгаж цэвэр орлогоо нэмэгдүүлж байгаагаараа онцлог байв.

Тин•Баатарын шинжлэх ухаанч хөгжлийн загварыг ярихад, түүний 2002 онд дурдсан туурайн онолоос эхлэн хэлэх ёстой. Тухайн үед Шилийнгол нутгаар элсэн шуурга ахин дахин гарч, тал нутгийн байгаль орчин муудсан нөхцөл байдалд малчин хүний хурц ухаанаараа “Нэг үхрийн идэх өвс ба түүнээс олох ашиг орлого нь таван хоньтой тэнцэнэ. Нэг үхэр дөрвөн туурайтай, таван хонь нийт хорин туурайтай. Элсэрхэг газар олон хонь маллах нь туурайн зуд гарах аюултай тул цөөн үхэр маллах нь илүү тохиромжтой” хэмээх онолыг хураангуйлан дурджээ. Эндээс түүний мал аж ахуйн үйлдвэрлэлийн нарийн данс бодох тооцоо эхэлж, мал аж ахуйн арга, байгаль орчны хамгаалалт, ашиг орлогын нэмэгдэл зэрэг талаар бусад айлуудаас өөр байж, Тин•Баатарын хөгжлийн загвар бүрдсэн байна.

Маллах аргын талаар, туурайн онолынхоо ёсоор хонь ямаагаа бүгдийг зарж, мал бэлчээрийн тэнцвэрийг батлан, 60 симентар үхэр маллах 10 гаруй жилийн хугацаанд олон арга сүвэгчлэл хийжээ. Бэлчээртээ хянах машин угсарч цахилгаан худагтаа автомат төхөөрөмж суулгаснаараа хөдөлмөр хүчнээ хэмнэнэ. Нутаг бэлчээрээ найман хэсэг болгон торлож үхрээ сэлгэн маллана. Жил бүр хоёр хэсэг торлосон бэлчээрээ хаддаг ч өвсөө хашаандаа тээж оруулдаггүй. Харин бэлчээртээ хурааж өвөл хавартаа үхрээ бэлчээрлүүлдэг. Өвөл хавартаа бусад айл малаа хамгаалан хөх өвсөөр тэжээдэг бол тэрээр тарга хүчийг нь хамгаалан хадсан хөх өвсөөрөө тэжээнэ. Тарга сайн бол мал жилийн дөрвөн улирлаараа ороо орж өсөж төлждөг. Тин•Баатар нийт 60 үхрээс тавин тугал тосдог байлаа. Жил бүр нэг бухаа зарж бяруун бух нэгийг нэмэн худалдан авдаг. Жил бүр 5 хөгшин үнээ зарж, дахин 5 охин тугал үлдээдгээс арван жилд нэг удаа эх малаа бүгдийг сольж чадна. 11 дүгээр сарын эхээр хорхой туух тарилга хийдэг. Туурайн онол ба тооцооны ид шид нь энэ айлын мал маллах арга ухаанд ихээхэн нэмэр болдог байна.

Байгаль орчны хамгаалалтын талаар Тин•Баатар шилдэг үүлдрийн цөөн тооны үхэр маллаж,  хүний хүчээр өвс мод тарьж битүүмжлэн хамгаалснаар 395 га талбай нутаг бэлчээр сэргэн амилж, амьтан араатан амьдрах болжээ. Өмөн нь алс холын Хүйтэн шилээс хадлан өвс татаж мөнгө төгрөгөө үрэн үйлээ бардаг байсан бол одоо гаднаа өвс бордоо худалдан авахгүй болж, зургаан жил өмнө зудын бэлтгэл болгон гаднаа хадгалсан 30 мянган килограмм өвс өнөөдөр болтол хэвээр байна. Найман хэсэг болгон торлосон бэлчээр нь бүгд хадлан гардаг ч жилдээ хоёрхон хэсгээ хадан 10000 килограмм өвс хурааж үхрээ тэжээдэг. Засгийн тогтоолоор Хонгоргол багийн хэмжээнд 6 га бэлчээрт нэг үхэр маллахаар тогтсон боловч “ургавал уулын толгой ч идэж хүрнэ” гэдгээр тэдний торлосон бэлчээр нэг үхэрт 3 га талбай байвал хүрдэг байна. Туурайн онол ба тооцооны ид шид нь энэ айлын байгаль орчны хамгаалалтад маш их өөрчлөлт авч ирсэн байна.

Ашиг орлогын нэмэгдлийн талаар жилдээ таван үнээ, нэг бух, 44 тугалаа дунджаар 8000 юаниар зарж арваад жил дараалан 400 мянган юаньд хүрчээ. Энэ хоёр жил үхрийн үнэ үргэлжлэн буурснаар түүний энэ жилийн орлого 330 мянган юаньд хүрч, тавин үхрээ дунджаар 6600 юаниар зарсан байна. Үхрийн махны зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзлээс болж, 70 мянган юань хасагдсан ч цэвэр орлогын талд мөн их ашиг олсон байна. Учир нь мал аж ахуйн талд их зардал гаргадаггүй. Машин баазын засварын хураамж, бензин цахилгааны зардал, малын өвчин эмгэгээс сэргийлэх тарилгын хураамж, хүрээ хашаа сэлбэн засах зарлага зэрэг бага зардлуудтай. Тэрчлэн хүний хүч зардаггүй, өвгөн хөгшин хоёр эвлүүлчихдэг. Туурайн онол ба тооцооны ид шид нь энэ айлын ашиг орлогын нэмэгдэлд иймэрхүү орон зай олгодог байна.

Туурайн онол ба тооцооны ид шидийн уялдаагаар хөгжсөн Тин •Баатарын хөгжүүлэлтийн загварын гол цөм бол байгаль орчин хамгаалалтыг тэргүүн байранд тавьж, шилдэг үүлдрийн цөөн мал маллаж, бага зарлага их орлогыг бий болгосон байгаль орчин, эдийн засгийн сайн орчилт бүхий орчин үеийн бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн замаар замнасан явдал болно. Том зах зээлийн орчинд нэг үхрийн ашиг орлого арван хонины ашиг орлоготой тэнцүү болсон нөхцөл байдалд туурайн онол ба тооцооны ид шид нь өргөн хэмжээнд яригдах учиртай болоод байна.

Зохиогч: Бүрэнт
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл