
Хамтарч ажиллах нь ашигтай
Энэ онд хадлан сайтай, Бор хөвөөний энгэрийн хадланд 8 ширхэг трактор өвс хадаж харагдана. Тус багийн малчин Гэрэл: - Өчигдөр Тампилийн 26 га талбай өвсийг 6 машинаар хадаж дууссан. Өнөөдөр энэ талбай хадланд бас 2 машин нэмээд 4 цагийн дотор дуусна. 54 га талбайгаас 4000 баглаа өвс гарна гэв.
— Энэ машинуудыг та төлбөртэй хөлсөлж байна уу? гэхэд
Үгүй дээ! Одоо малын үнэ ханш муу, хөлслөх үнэтэй. Айл саахалтынхан ирээд тус болж байна. Маргааш би өөр айлд очиж хамжина гэж байлаа. Яриан дундаас тус багийн Түвшин, Сайнбаяр, Баянбилэгт зэрэг 20 шахам малчин хамтран “Харилцан хамтарч ажиллах баг” байгуулж, ажил ахицтай явагдаж байгааг мэдлээ.
Өвгөн хадланчийн үнэнч сэтгэл
Малчин Гэрэлийнхээс холгүй нэг өвс боох машин ажиллах нь харагдана. Тус багийн 60 нас хүрсэн ахмад малчин Бао Шянхэ улаан өнгөтэй трактор машинаасаа инээмсэглэсээр бууж ирлээ.
— Өвгөн ахын бие чанга сайхан байна даа, өдөрт хэдийг боож байна вэ?
Дунджаар 4000 гаруй боолт дөнгөж байна. Боолт нь том, тэгшхэн. Хадлан дээр сул өвс үлдэхгүй бол малчид маань баярлана. Би хөгшинтэйгээ хошуун дээр суудаг боловч хадлангийн үеэр наашаа татагдаад болохгүй юм. Хөдөө ирж айл саахалтынханд хамжиж ажиллахад сэтгэлд их таатай байдаг даа. Гурван хүү маань хувь хувийн өвс боох машинаа аваад гадагшаа ажиллахаар гарсан. Нутгийн олондоо хамжиж, хүндэтгэл таашаалтай явах нь өтлөх насны минь үнэн жаргал болж байна гээд, багийн бас нэг айл утсаар ярьж байна. Энэ шөнө энэ талбай хадланг боож дуусгахгүй болохгүй хэмээн тавтай ярилцах завгүй боллоо гэж траектортоо гарлаа.
Хураалт сайтай Хуягийн хадлан
Мужийн зэрэглэлийн 307 дугаарт замын өмнө талд байгаа энэ оны намарт ховорхон харагдах эгнэсэн их хадлантай талбай харагдана. Тэнд очиход тус багийн малчин залуу Хуягийнх өвсөө боож байлаа.
— Танайх борооноос өмнө өвсөө оруулаад авсан гэсэн. Ойрд бас нэмж хадсан бололтой гэж яриа дэлгэхэд:
Манайх 93 гаруй га талбайгаас 6000 гаруй боолт өвс хурааж байна. Өөрийн хэрэгцээнд 1200 боолт өвс үлдээвэл өвөлдөө хүрнэ. Үлдсэнийг нь айл саахалтынх авахаар тогтоод байна хэмээн ярьж байлаа. Мөн тэрээр, энэ зун бороо ус цөөн ган ихтэй болохоор өвсний ургац зөрөөтэй байна. Манай багт өөрийн хадлангаас атга өвс олоогүй айлууд ч байна. Тиймээс хадлантай нэг нь өвсөө тохиромжтой үнээр ойр зуураа борлуулах нь эвтэй юм. Өвсний үнийн тухай бороонд харласан өвс 11 юаниас 14 юань орчим, зүлэгтэй өвс 15 юаниас 17 юань орчим, чанар сайн өвс 20 юаниас 23 юань хүрч байна. Бүгд гуч гаруй жин боолттой өвс ийм үнэ хүрч байна. Нар борооны завсарт намрын ажилдаа шамдан ажиллаж байгаа малчдын олон өгөөжтэй зоог үргэлжилсээр байна.
