Элсэн цөлийн нутагт тэмээ хариулдаг малчид зөндөө байдаг. Гэхдээ тэмээ гэдэг амьтан, амьжиргааны хүч чанга байдаг болохоор, хагас сар бүтэн сар, бүр хагас жилээр ч гэсэн нутаг эзнээ эргэхгүйгээр явчихдаг хачирхалтай амьтны нэг билээ. Тэр тусмаа говь нутаг өргөн уудам, элсэн цөл элэр балар байдаг болохоор өмнө нь малчид үргэлж тэмээний эрэлд явдаг байсан бол өнөө цагт дэвшилтэт техник мэргэжил, интернэт сүлжээний технологийг ашиглан, гар утсаараа тэмээгээ хайдаг болсон тухай сайхан мэдээг та бүхэнд хүргэж байна.

Ойрын өдрүүдэд Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны “Нүүдэл холбоо”-ны компани, Эзнээ хошууны Хөдөө аж ахуй болон Шинжлэх ухаан мэргэжлийн товчоо хамтран Эзнээ хошууны Далайхөв суурингийн Улаангэрэл баг, Сайхан тоорой сумын Сайхан тоорой баг, Сувнуур сумын Цэгээ багийн зургаан малчин өрхийн нийт 20 тэмээнд “Ухаалаг Алшаа” хэмээх ухаалаг чадвар бүхий мал харуулдах төхөөрөмж зүүлгэсэн байна.


Ингэснээр энэхүү дэвшилтэт төхөөрөмж нь малчин түмэн хоймортоо сууж тэмээнийхээ барааг харах “дуран” болж чаджээ.
