“Таван хан” үндэстний соёлын ХК санаачлан зохион байгуулсан 2016 оны хаврын улирлын "Таван хан" цомын нэрэмжит уламжлалт монгол бөхийн барилдаан энэ сарын 26-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны төв Балгаргол сууринд боллоо.



Уламжлалт монгол бөхийн оноолтоор барилдуулж, барилдааны цагийг хязгаарлаагүй гэдгээрээ энэ удаагийн барилдаан онцлог боллоо. Тус наадамд Өвөр Монголын Ордос, Баяннуур, Улаанцав, Бугат, Тунляо, Улаанхад, Шилийнгол зэрэг аймаг хотуудын 256 бөх хүчээ үзэж мэхээ уралдуулснаас Баруун Үзэмчин хошууны шилдэг залуу бөх Сүх, Галсан-Арааш, Сайн-Ерөөлт, Батзаяа нар шөвгийн дөрөвт үлдэж, Баруун Үзэмчин хошууны шилдэг залуу бөх Сүх "Таван хан" цом, 20 мянган юаний эзэн болсон байна.



Барилдааны үеэр монгол бөхөө дээдэлж, гавьяа зүтгэл гаргаж, Шилийнгол аймгийн найр наадамд Баруун Үзэмчин нутгийн алдрыг даянд дуурсгаж явсан Далай аварга М.Соёл, Далай аварга Цагаанзаан, аварга Төмөр, аварга Насанжаргал, арслан Оюунбат нарын таван бөхөд алтан цомоор шагнасан байна.



