solongonews
Адуучин аавын увдис
2016-07-27 12:25
Үүр цайж болжмор жиргэн, тооноор гэгээ татан шинэ өдөр эхэлснийг мэдээлнэ. Цагийн зүү дөнгөж гурван цагийг зааж, Хөлөнбуйр нутагт эрт нар манддаг шүү гэж найзын минь ярьж байсан санагдлаа. Гадаа гарахад сэрүүн уур амьсгал хацрыг илбэн, монгол гэрээс Нанжид ээжийн чанасан сүүтэй цайны үнэр ханхлан, бие сэтгэлийг ариусгана.


 

Адуучин аав Бодьжав, саальчин ээж Нанжидийн нэг өдрийн ажил мөн ийнхүү эхэлдэг юм байна.

Бодьжав гуай Өвөрбулаг сумын сургууль дүүргэн 18 наснаасаа адуу манаж, бараг 50-иад жилийн хашир адуучин болжээ. 28 настайгаасаа бүхэл гурван жил бригадын адууг манаж байхдаа адуунд аргагүй хайртай болжээ. Тухайн үед тэдний бригадынхан гурван сүрэг 1500 адуутай байсан бөгөөд Бодьжав өөр нэг адуучинтай нэг сүрэг 500 шахам адууг ээлжлэн манадаг байжээ.

— Дулаан цагт адууны манаа арай гайгүй байдаг ч аянга бороотой шөнө бол аянга цахилахаар адуу үргээд дөрвөн зүгт бутарна. Тэгээд л нэг шөнөжин адуугаа цуглуулна. Зуны ялаа шумуултай цагт бас адуу тогтохгүй гүйгээд байдаг. Өвлийн цагт манаанд гарахад хамгийн хэцүү. Чоно их үед би адуугаа тойрч хашхираад манаж байхад, чоно бол намайг манаж байгаа гэсэн үг. Нэг удаа адуугаа эрээд олохгүй байлаа. Гэтэл чонон сүрэг долоон адууг маань барьсан байсныг бид нүдээрээ үзэж байлаа. Одоо эдгээрийг хүүхдүүдэд яривал итгэхгүй хэмээн Бодьжав өнгөрсөн зууны 80-аад оны үеийн үйл хэргийг хуучилна.

Сааж байсан хэдэн гүү нь хэд хоногийн өмнө алдагдсанаас Бодьжав маргааш нь эрэлд явах гэж байлаа.

— Сүүлийн өдрүүдэд аавын цусны даралт 170-190 хүрч, эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх гэхэд гүүгээ эрж олно гээд хотоос буцаад ирсэн. Хэдэн өдрөөс дахин хот оруулж эмчлүүлнэ гэж охин нь ярьж байв.

Бодьжав гуайнх Шинэ Барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Баянгүн багийн зусландаа зусаж байлаа. Дөрвөн монгол гэрийг босгож, гал тогооны гэр, унтлагын гэр гээд тус тусдаа, гэрийн гадна дотногүй цэвэрхэн байгаагаас харахад ажилч айл болох нь аргагүй харагдана.

Бодьжавынх уржнан жилээс айраг борлуулж эхэлжээ. Айраг нь хүний биед маш сайн ундаа. Ойр хавийн хүмүүс нь байнга захиалан авч наймаа нь их сайн байв. Зуслангийн газар нь замтай ойрхон байдаг тул замаар өнгөрөх хүмүүс, жуулчид айраг уух, хоолонд орох, амран зугаалах захиалга зөндөө өгдөг болж, энэ жилээс жуулчны бааз ажиллуулахаар болжээ.

Малын ашиг шимээ зах зээлд гаргах гэж хоёр хүүтэйгээ “Увдис” айрагны хоршоо байгуулсан байна. Жуулчны бааздаа чанасан мах, гурилтай шөл, бууз зэрэг хоол хийж үйлчилдэг байна. Гүү саах хүн, тогооч, унаач ажиллуулах санаатайгаа Бодьжав гуай ярив.

Нар халж, гэрийн дотно гаднахгүй бүгчим халуун уур амьсгал бүрхэнэ. Хайлаар хотоос жуулчдад зориулан цагаан хэрэглэл авснаа Нанжид ээж Долгор, охин Урансодтойгоо цаг зайг завдуулан оёдлын ажилдаа орж байлаа.

— Хүүхдүүдийг бага байхад худалдаа наймаа цөөн, мөнгө ховор. Гэрийн хүмүүсийнхээ хувцсыг өөрөө оёдог байсан. Шөнийн хоёр гурван цаг хүртэл лааны гэрэлд дээл хувцас оёдог. Хөдөөний ажил их эрт босож, орой унтан өдрийн ажлаа ч амжуулдаг байсан гэж Нанжид гуай хуучлав.

Оёдлын ажлаа дуусган бүгдээрээ үдэлсний дараа Бартын шугуйн талбайн дэлгүүрт очиж өдөр тутмын хэрэглээгээ авлаа.

Үдээс хойш гэр зуурын ажлаа эвлүүлчхээд, Нанжид гуай айргаа бүлнэ. Үдшийн жаргах нарнаар Бодьжав бэлчээр дэх хэдэн үнээгээ ойртуулан саана. Энэ жил 100 гаруй үнээ тугалж, сүү цагаан идээ борлуулах гэж дөрөв таван үнээ л сааж байна.

Оройн хоолны дараа бид хэдүүл монгол гэрт ширээ тойрон сууж, Бодьжав аавын адуучин явсан түүхийг сонсон суулаа.

Монгол эрийн шандас шалгах өвлийн хүйтэн шөнө Бодьжав гурван жил манаач хийж явав. Үстэй дээл, эсгий гутлаа өмсөж, адууны манаанд явахдаа бараг өмссөн үстэй зузаан дээлээ даахгүй шахуу гэрээсээ гардаг байсан бол үүр шөнийн жавраар мориноосоо бууж алхан дулаацахад үстэй дээлний хүндийг мэдэхгүй болдог байсан гэнэ.

- Хүмүүс дулаан монгол гэртээ хөнжлөө нөмрөн унтах гэж байхад л адуучид манаандаа гарна. Адуун сүргийн дэргэдээ хүрэхэд л айж цочихгүй болдог. Адуу бол хүний сэтгэлд хань болдог. Шөнөдөө унасан морийг заавал солих болохоор үүрийн хүйтэн жаварт морь солино гэдэг бас л эр хүний шандас сорих ажил. Гэвч өдөр болоход шөнийн даарч байснаа мартаж, морио солиод гэртээ харих замдаа их л баяртай явдаг байсан. Өөрөө адуунд хайртай болохоор зориг алдарч байгаагүй гэж Бодьжав гуай залуу зандан насаа дурсана.

80-аад онд бригадаас адуу сайн адуулбал адуугаар шагнадаг байв. Бодьжав бригадаасаа 400 адуу хариуцан адуулж анхны жилдээ хориод адуугаар шагнуулж байжээ. Тэгээд 1981 онд хувь хүнд мал сүргийг хуваахад 8 үхэр 4 адуу хувьдаа авч өсгөн маллаж, 90-ээд оны үеэр үхэр, адуугаараа хонь солин маллаж, хонь нь 1500 хүрч байсан удаатай гэнэ.

Ажилч хөдөлмөрч амьдрал ахуйгаа өөд татахын зэрэгцээ хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэн, сайн сайхан амьдралтай олны дунд гялбуулж явна. Одоо Бодьжавынх 300 гаруй адуу, 600 гаруй хонь, хоёр хүүгийнхтэйгээ нийлээд 300 гаруй үхэр, арван хэдэн тэмээтэй, уужим нутгийнхаа элгэнд таван хошуу малаар хараагаа баясгаж таатай сайхан амьдарна.

Гэрэл цахилгааны цэнэг нь дуусах шахаж, үе үе унтарч байлаа. Гэлээ  ч бид адуучин ааваас адууны тухай түүх сонсож амрахыг огт бодохгүй байв.

Ууланд бэлчээр сайн байдгаас 2008 онд эднийх гэрээсээ 100 км зайтай  Могойтын богд ууланд адуугаа хариулжээ. Тэгэхэд тэр өвөл нь зуд болж, уулнаас адуугаа авчрахаас өмнө зам хаагдаж, Бодьжав аргагүй цас шуурган дундуур адуун сүргээ хөөж, зам зуураа жаран хэдэн адуу нь эндсэн байна.

— Өөрийн малласан малаа харсаар байгаад хаяна гэдэг чинь малчин хүний хувьд сэтгэлийн их зовлон. Гэвч их цасанд бүгдийг авч ирэх тэнхээ байгаагүй гэж Бодьжав санаа алдан ярив.

Малаа амьтайгаа адилтган хайрладаг малчин хүнд мал сүрэг нь өнөр мэнд байвал хамгийн дээд жаргал гэгч тэр билээ.

— Аав минь хөдөлмөрч хүн. Таван хошуу мал маллаж, мөн модчин, засварчин, оёдлын ажлыг ч хийнэ. Малчин хүн мянган мэргэжилтэй гэдэгчлэн аав минь олон төрлийн ажилд мэргэшсэн. Тийм ажилч аавын хүмүүжлээр бид ч багагүй ажил сурсан гэж хүүхдүүд нь ярина.

Бодьжав зав л гарвал ном уншиж, хот хошуу орвол номын дэлгүүрт заавал очих нь түүний нэгэн зуршил.

— Монгол адуу тэсвэртэй, тархи сэргэлэн, нутагч байдаг онцлогтой. Хэдэн мянга, хэдэн түмэн газрын хол худалдагдсан агт хүлэг нь нутагтаа буцан ирсэн  түүхт явдал ном бичигт олон бичигдэж байдаг. Дайны үед эзнийхээ амийг аварсан агт хүлэг олон байдаг нь монгол адууны тархи сэргэг, тэсвэртэй байдлыг харуулж байгаа гэж байв.

Тооноор тэнгэрийн одод анивчиж, хааяа уяан дээр морьд янцгаах сонсогдоно.

Барга малчин айлын нэг өдөр тун завгүй ч жаргалтай! Бодьжав болон адууны хоорондох гайхамшигт хувь барилдлага ийнхүү үргэлжилсээр…

Зохиогч: Урантана, Соёмбо
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл