
Хот орж ажил хөдөлмөрийнхөө үр шимээр өөрийгөө хөгжүүлэн, урам зоригтой яваа монгол залуучууд нэмэгдэж байгаа билээ. Чулуу гэх залуу тэдний нэг.
Чулуу Шинэ Барга баруун хошууны Далай сумын Рашаан булаг багийн малчин бөгөөд Алтан-Эмээл багийн “Мү Бэй” үсчний газрын эзэн юм. Энэ жил 26 нас хүрч буй Чулуу амьдралын хүнд хэцүү байдлаасаа болж 2004 онд аравдугаар ангиа төгсөөд аав ээждээ нэмэр болохоор гэртээ ирж, хөдөө гадаа түр хугацааны адуучин, хоньчин болжээ.
2006 оноос хотын нэгэн хоолны газарт аяга угааж, үйлчлэгч хийж, барилга дээр шавар чулуу зөөж хүртэл үзжээ. Гэвч ингэж хүч хөдөлмөрөө хэчнээн дайчилсан ч бага цалинтайн дээр хоёр өдрөөс илүү ажиллах боломжгүй. Авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байсанд алсыг харж амьдрах ёстойгоо ухааран мэргэжилтэй болохоор шийджээ. Тухайн үед ямар мэргэжил эзэмшиж, ямар замаар алхахаа мэдэхгүй байсан тул эргэлзэж байж үсчин болохоор шийдэж, 2007 онд Нинвө хотод үсчин болох эхний гараагаа эхлүүлжээ.
“Түмэн ажлын тэргүүнд саад тотгор тохиох нь гарцаагүй”
Анх хөл хөдөлгөөн ихтэй хотод тогтож сууна гэдэг амаргүй санагдаж, хэл нэвтрэлцэхээс эхлээд хүнд хэцүү асуудал олон тулгарчээ. Гэвч тэр хэцүү бүхний өмнө өвдөг нугаралгүй эрэмгий зоригтой байж өөрийнхөө зорилгодоо хүрч, ажлынхаа суурийг итгэлтэй тавьж чаджээ. Мэдлэг туршлагаа дээшлүүлэхээр Да Лян, Хэбэй, Тянжин, Анхуйгийн мэргэжлийн үсчдэд шавь орж дөрвөн жилийг нүд ирмэхийн зуур өнгөрүүлсэн байна.
2010 он болоход мэргэжлийн үсчний эгнээнд багтаж чаджээ. Олон өрсөлдөгчтэй их хотод хөл тогтоход мэдлэг мэргэжил өндөр байх хэрэгтэй гэж санан улсын нийслэл Бээжин хотыг зорьжээ. Бээжин хотын Юунчи, Шэньмэй, Дунфан, Минжян зэрэг үсчний газар ажиллаж явахдаа хань Ли Янтайгаа танилцсан байна. 2014 оны хавар нутагтаа буцаж, 8 сард ханьтайгаа нийлж, гал голомтоо бадрааж, 12 дугаар сард Шинэ Барга баруун хошууны төвд жилийн 20 мянган юаний түрээстэй өрөө түрээслэн《Мү Бэй》үсчний газраа нээсэн байна. Чулуу үсчин болсон цагаасаа өдөр шөнийг ялгалгүй мэрийн ажилласан болохоор үс засуулах үйлчлүүлэгч ч өдрөөс өдөрт нэмэгдэж, орлого сайтай ч болж чадвар нь дээшилжээ.
- Зорилгодоо хүрэх гэж 8 жил зүтгэж явахад хамгийн хүнд байсан үе нь хэзээ вэ?
- Анх нутгаасаа гараад хүний нутагт байх үед. Тэр үед хэл амаа ололцохгүй, идэж уух нь ч таарахгүй хэцүү байсан. Гэвч мэргэжилтэй болохоор шийдсэн болохоор хөмхий зуун тэссэн дээ гээд ажлаа хийнэ.
“Цаг нь болоогүй юу?” гэж үсээ будуулж суусан нэгэн эгч сануулахад цагаа хараад, таван минут дутуу байна гэж ажилдаа хянамгай хандаж байгаа нь харагдлаа.
Ярилцаж суухад үйлчлүүлэгчид ар араасаа нэмэгдэж байв. Нөгөө үсээ будуулсан эгч: - Энэ залуу ажиллаж эхэлсэн цагаасаа л олон үйлчлүүлэгчтэй болсон. Эрт ирлээ гэж бодоод ирэхэд надаас өмнө олон үйлчлүүлэгч ирчихсэн байдаг гэж бидэнтэй яриа дэлгэлээ.
Чулуу өчүүхэн ч сандарч яарсан шинжгүй үйлчлүүлэгчдийнхээ үсийг засна. Үйлчлүүлэгчид ч түүний сонголт, санал зөвлөгөөгөөр тайван суугаад үсээ засуулж хүлээн сууна.

- Үнэхээр олон үйлчлүүлэгчтэй юм. Ийм олон хүнийг хараад сандардаггүй юу?
- Энэ ажлыг хийхэд сандарч болохгүй, нарийн хянамгай тэсвэр хатуужилтай хийх хэргэтэй! Би хурдан засаад явуулж болно. Мэдээж сэтгэлд нь хүрэхгүй байх гээд олон асуудал байна. Ганцаараа жаахан удаан байдаг юм. Миний шавь үс засах хэмжээнд арай хүрээгүй байгаа. Бас хоёр шавь авахаар төлөвлөөд байгаа. Баяр ёслолын үеэр үйлчлүүлэгч олон болдог. Хүмүүсийг хүлээлгээд байж болохгүй. үс засуулах хүн олон болох тул хүмүүсийг бас удаан хүлээлгэж болохгүй. Үйлчлүүлэгч: - Энэ залуу чих эвлэг, үс сайхан засдаг гээд олон хүн зорьдог. Би үргэлж ирж үсээ засуулдаг. Засуулах дуртай юм чинь хүлээх л хэрэг》гэж инээмсэглэнэ. Түрүүч нь дуусаад дараачийнх нь эхлээд яаруу ажиллах зуураа Чулуу яриагаа нэгч тасалсангүй үргэлжлүүл. Их ажлынхаа хажуугаар бидэнтэй ярилцсан Чулуу: - Ажил хийхдээ тогтвортой, тэсвэр хатуужилтай байх нь хамгийн чухал. Нэг ажлыг хийж үзүүрт нь хүртэл зүтгэхэд ямар ч хүнд хэнд хэцүү асуудал тулгарч мэднэ. Гэхдээ урам хугарч, зориг мохож болохгүй. Зорьсон зорилгодоо заавал хүрэх хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгээр хатуужилтай, хичээл зүтгэлтэй ажиллаж суралцсны эцэст өнөөдөр өөрийн гэсэн ажил мэргэжилтэй, өрөөл бусдаас дутахааргүй сайхан амьдарч байна гэв.
Аливаа зүйлд амжилт гаргах эсэх нь түүний шаргуу оролдлого, хичээл зүтгэл, мэдлэг чадвар, хүч хөдөлмөртэй нь нягт холбоотой. Хөдөлмөрч бүтээлч хүн зорилгодоо хүрэхээр зүтгэж урсгасан хүч хөлсийг нь юугаар ч зүйрлэхийн аргагүй. Амжилтын дараа л бал бурам мэт амьдрал нь юм бүхний гэрч болж итгэл зоригийг нь хөвчилдөг учиртай. Урагш дэвших хатуу зоригтой оролдлого гарган яваа монгол залуу Чулууныхаа амьдрал үйлсэд нь өндрөөс өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!
