solongonews
Аварга малчин Бадамцэрэн түүхээ хүүрнэнэ
2016-11-22 16:48
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X их хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 16

Аравдугаар сарын Үзэмчин нутаг өвлийн өнгөөр шаргалтан цайрч, өвс тээсэн машинууд зөрөлдөн зорчоод, өвөлд бэлдсэн малчид унасан малгайгаа авах завгүй. Эргэх дөрвөн улиралд мал сүргээ амь голтойгоо холбон арчилж, байгаль орчны гамшиг зудны хатуу шалгалтад давтагдан хашир суусан малчин Бадамцэрэн өнгөрсөн зууны 80, 90 оны үед хонь малаа таван мянгаар тоолуулж явсан “Аварга малчин”, Австрали зэрэг улсаар явж орчин үеийн мал маллах арга ухааныг суралцаж явсан нэгэн.

Аварга малчин Бадамцэрэн

Бадамцэрэн гуай Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Эрээнбулаг багаар нутагтай. 10 дугаар сарын 16-ны өдөр бид тэднийд хүрэхэд яг бороо цас холилдон орж, тэрээр өвс тэжээл, аргал түлшээ дараад тун завгүй байлаа. Чинээлэг айлын бууц суурьшил гэж ёстой нутгаа чимсэн сайхан харагдана. Европ загварын байшин, машины гарааш, хоёр том трактор, малын хашаа саравч, том жижиг загварын олон машинууд эгнэн баян айлын хот нэг л өөр. Хүү бэр хоёр нь үртэй болж, хошууны төвд сард сууж, тэрээр гэртээ ганцаараа үлдэж аль бүхнээ амжуулан завгүй байвч ам бүл нэмэгдлээ хэмээн баяртай нь аргагүй.

Малын хашааны хажууханд уул мэт овоолсон өвсийг хараад “өвсөө бүр оруулчихсан уу?” гэхэд Бадамцэрэн гуай:

- Өчигдөр Зүүн Хатавчаас 150 тонн өвс авчирч буулгасан. Тонн бүрдээ 1200 юаниар Монгол Улсаас оруулсан өнгөрсөн жилийн хуучин өвс, мөн жаахан нэмж оруулах санаатай. Энэ жил хур бороо бага, 102 өдөр гандуу байсан. Намар болоод дөнгөж л нэг бороо орсон. Өөрийн хадлангаас 2000 боолт л өвс гаргалаа. 30 тонн малын бордоо авахаар хэлэлцэж тохироод байна гэж ярилаа.

Гантай жил болсны дээр зах зээлийн малын үнэ ханш унаж, мөн өвс бордоо үнэ орсон нь малчдыг хүнд хэцүү байдалд оруулжээ. Эднийх 800 гаруй хургаа зарж, 300 гаруй мянган юаниараа өвөлжүүлэх малынхаа өвс бордоог нөөцөлсөн нь энэ байжээ. Хэдийгээр хурганы үнэ унасан гэдэг ч Бадамцэрэнгийн хурга дунджаар 400 гаруй юаниар зарагдсан нь малын үүлдрийг шилдэг болгож, малын тарга хүчийг хамгаалж чадсан хашир туршлагынх нь ач хариу болжээ.

Бадамцэрэн залуу цагтаа эмчийн ажил хийж явсан бөгөөд мөн олон улсын бөхийн дэвжээнд барилдаж явсан түүхтэй. Гэхдээ “Аварга малчин”, “Өвөр Монголын хөдөлмөрийн жишээч”, “Аймгийн шинжлэх ухаанчаар мал малласан хошууч” зэрэг олон яруу алдар нь түүний илүү төлөөлөл байх учиртай. 1983 онд хувьчлал хийхэд Бадамцэрэн 240 мал хуваан авч, асар их хөдөлмөр, хашир малч ухаанаар малаа өсгөж, 90 он болоход малын тоо толгой нь 5000 хүрч, жилийн цэвэр орлого нэг сая юанийг таван, ёстой л хөндий дүүрэн малтай айл болжээ. Малын тоо толгойгоо өсгөхөөр хөөцөлдөөгүй. Харин мал аж ахуй хөгжсөн Австрали, Франц зэрэг улсаар явж тэргүүний арга мэргэжлийг суралцан байгаль орчны хамгаалалт зэргийг анхааран, сэлгэн маллах, байгальд ээлтэй хэлбэрээр маллах болов. Мөн хөврөл шилжүүлэн шилдэг үүлдрийн улаан ангус үхэр малласан бөгөөд зөвхөн цэвэр үүлдрийн Үзэмчин хонь маллаж эхэлсэн байна. Одоо хонио 2000 гаруйд хязгаарлан, 300 гаруй улаан ангус үхэр ба адуу маллаж байна.

- Хуучин юм ул болж, шинэ юм зул болно гэдэг дээ. Би одоо жар хүрлээ, зах зээлийн эдийн засагт зохицуулж сурах зүйл олон байна гэж Бадамцэрэн ярьж байв. Гэхдээ арга туршлага гэдэг бол олон жилээр хуримтлуулж ирсэн оюун ухаан юм. Мал аж ахуй үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг сайн хийх нь малаа онд мэнд оруулж, гамшиг зудаас сэргийлэх чухал арга барил болдог ёсыг Бадамцэрэн сайн мэднэ. Энэ тухай тэрээр:

- Төслийн дагуу сүүлийн жилүүдэд манайх их ашиг хүртжээ. 2011 онд өөрөө 60 мянга, улсаас 60 мянган юань зарцуулж маш том малын хашаа хороо байгуулсан. Мөн 40 хувийг өөрөө, 60 хувийг улсаас санхүүжүүлж 100 гаруй мянган юанийн өртөгтэй автомат худаг малтаж, ундны усны асуудлаа шийдлээ. Өнгөрсөн жил гэртээ wifi ашиглах болж, гар утсаараа малын үнэ ханш, бөхийн барилдаан зэргийг сонирхож л сууна гэж нам засгийн төрийн бодлого, цагийн сайхныг бахдан бахдан ярьж байлаа.

Малын үнэ буурч байгаа тухай Бадамцэрэн гуай:

- Бараг 70 хувь унасан, өнгөрсөн хэдэн жил хурга мянган юань хүрч байлаа. Одоо 300 юаниар гуйгаад өгөх боллоо. Яалтай ч билээ. Зах зээлийн эдийн засаг гэдэг чинь юм нь их болоход хямдарна шүү дээ, өөрсдөө боловсруулахдаа дутмаг байгаа шалтгаан л тэр. Бүр тайван сайхан жаргаад ирсэн шүү. Гачигдаж хамарт нь утаа орохоор гар хөдөлж хийх байлгүй гэлээ. Хол явж нүд нээсэн хашир догь хүн гэж бодож сэтгэх нь ч цаанаа өөр.

Зохиогч: Жигмэд, Хана, Шинэвилэг, Цовоо
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл