solongonews
Монгол цагаан идээ дэлхийн зах зээлд өрсөлдөх цаг ирлээ
2015-07-20 16:21
Шулуунхөх хошууны цагаан идээ өнө олон жилийн түүхтэй, үнэр амт нь сайтай, боловсруулах арга өвөрмөц, шим тэжээлтэй байдгаараа Юань улс, Мин улсын үед ордны цагаан идээний суурин болсон улбаатай юм. Нийгэм цаг үеийн хөгжлийг дагаад Шулуунхөх хошууны цагаан идээний үйлдвэрлэл худалдаа өрнөн хөгжиж, орон нутгийн нэрт брэндийн хувьд хошуу нутгийнхаа алдар нэрийг өргөж, улс даяар, цаашлаад дэлхийн зах зээлд дэлгэгдэх болов.

Сүүлийн жилүүдэд зах зээлийн аж ахуй түргэн хөгжиж, Шулуунхөх хошууны цагаан идээнд олон төрлийн шинэчлэл өөрчлөлт гарав. Хөдөө нутагт малчдын гэрт хийдэг цагаан идээ улс даяар тархаж, уламжлалт аргаар хийдэг байснаа автомат машинаар хийх болж, Шант суурингаар төв болгон бусад сум балгасыг хамарсан "Тэнгэр тал", "Саальчин ", "Ханхал" зэрэг цагаан идээ боловсруулж борлуулах 10 гаруй аж ахуй, "Сүн далай" зэрэг цагаан идээний уламжлалыг уялдуулсан 20 гаруй үйлдвэр худалдааны хувийн хэвшил, 100 гаруй жижиг хэлбэрийн үйлчилгээний цэгтэй болж, боловсруулан борлуулж байгаа цагаан идээ 40 төрөл гарсан бөгөөд 2000 гаруй ажилчинтай болжээ. Уг хошууны цагаан идээний жилийн борлуулалт 20 сая юанийг давж, мал аж ахуй тариалангийн орны 600 гаруй хүн ажилтай болсон байна. Тус хошууны цагаан идээний бүтээгдэхүүн улсын 20 гаруй хот, 100 гаруй жуулчны бааз, 60 гаруй томоохон супэрмаркетаар борлуулагдаж, Монгол, Япон зэрэг гадаадын зах зээлд цэрэглэн орсон байна.

Уламжлалт аргаар хийсэн цагаан идээнд хүмүүс илүү дуртай

Шулуунхөх хошууны Сангийн далай сумын Тогоо цагаан идээний өвлөн уламжлагч юм. Тэрээр 17 настайдаа ээжээсээ хурууд хийхийг сурсан. Хошууны төв Шант сууринд хүүхдээ харж суухдаа хэдэн үнээгээ авчирч уламжлалт цагаан идээ хийж эхэлсэн аж.

Ээжээсээ өвлөсөн уламжлалт аргаар цагаан идээ хийж, амт шимийг аль болохоор хэвээр нь байлгахын тулд Тогоо цахилгаан зуух, нүүрс, байгалийн хийн зуухыг хэрэглэдэггүй. Харин хөөдөөнөөс аргал авч ирэн, аргалын зөөлөн галаар цагаан идээгээ боловсруулдаг байна.

 - Би гэртээ зөөхий, хурууд, саалийн архи, шар тос, өрөм, цөцгий, зэрэг арав гаруй төрлийн цагаан идээ хийж байна. Цагаан идээний жинхэнэ үнэр амтыг гаргахын тулд галаа тохируулахаас гадна сайн сүү байх хэрэгтэй. Хөөдөөнөөс сүү оруулдаг. Чанар сайтай, амт шимтэй бол үнэтэй байсан ч авах хүн олон байдаг. Уламжлалт аргаар хийж дадсан болохоор машин тоног төхөөрөмж оруулах талаар боддоггүй, үргэлжлэн уламжлалт аргаа баримтлах болно гэж Тогоо ярьж байлаа. Тогоо өдөрт 300-350 килограмм цагаан идээ боловсруулж, жилийн орлого 200 мянган юань хүрч байна. Сүүлийн хоёр жил түүний хийсэн цагаан идээ хэрэглэгчдийн таашаалыг хүрч, ам дамжин магтагдах болсноор олон хүн түүнд шавь орж, одоогоор арваад шавийг сургасан байна.

       Сангийн далай сумын өмнө хоёр том улаан байшин холоос тодхон харагддаг. Энэ нь Эрхэмбаярын хийж байгаа "Сүүн далай" цагаан идээний үйлдвэр юм. Эрхэмбаярынх хоёр жилийн өмнө Бээжингээс өлгий нутаг Сангийн далайдаа буцаж уг үйлдвэрийг байгуулсан байна. Тэрээр их хотод олон жил амьдарсан болохоор хотын хүмүүст хүнсний аюулгүй байдал үнэ ханшнаас чухал гэдгийг сайн мэддэг болжээ. Эрхэмбаяр ярихдаа: - Малчдаас сүү авах нь нэгд чанарыг баталгаа, нөгөө талаар малчид ч ашиг орлого олох боломжтой. Борлуулалтын хувьд бид үйлдвэрээ байгуулаад удаагүй болохоор гол нь зах зээл хэрэгтэй байгаа. Гэхдээ үр дүн сайтай байна. Одоогоор манай цагаан идээ ойр орчмын хэдэн хошуу, аймгийн төв, Хөххот, Бээжин, Шанхайд борлуулагдаж байгаа гэж байв.

 Цагаан идээний үйлдвэрүүд нэмэгдсээр

"Цан Хун" цагаан идээний үйлдвэр нь Шулуунхөх хошуунд хамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан хамгийн өргөн хүрээг хамардаг үйлдвэр юм. Уг үйлдвэр нь 1954 онд байгуулагдаж, "Шулуунхөх хошууны сүүний үйлдвэр" гэсэн нэртэй орон нутгийн аж ахуй байжээ. 1998 онд төлөвлөгөөт аж ахуйгаас зах зээлийн аж ахуйд шилжих үед тус үйлдвэр дампуурч үүдээ хаах хэмжээнд хүрэхэд үйлдвэрийн ажилтан байсан Сүн Лишань энэхүү үйлдвэрийг худалдан авч, одоогийн "Цан Хун" цагаан идээний үйлдвэрийг байгуулжээ.

Сүн Лишань үйлдвэрийн тасгаа өргөтгөн байгуулж, эхэндээ зөвхөн хуурай сүү, сүүн талст зэрэг хэдхэн төрлийн бүтээгдэхүүн хийдэг байснаа хурууд, шар тос, зөөхий зэрэг уламжлалт цагаан идээг гол болгон хийх болж, олон жил тасралтгүй хөрөнгө оруулалт хийн цар хүрээгээ тэлж, өнөөдөр болоход 8000 кв.м үйлдвэрлэлийн газартай, 5 сая юаний тогтмол хөрөнгөтэй, хошуундаа нэртэй цагаан идээний үйлдвэр болж, 30 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Итали зэрэг улсуудаас үйлдвэрлэлийн арга технологийг нэвтрүүлж, олон төрлийн амтат цагаан идээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр хүчин зүтгэж байгаа аж.

Сүн Лишань хэлэхдээ: - Хурууд бол уургаар элбэг, тос бага, шим тэжээл сайтай идээ болохоор зар сурталчилгааны ажлыг сайн хийвэл өмнөд орны хүмүүс ч авах боломж их байгаа. Улсын хэмжээнд өргөнөөр борлуулагдахгүй байгаагийн гол шалтгаан нь өөрийн бүтээгдэхүүнээ хүмүүст таниулж чадахгүй байгаад оршиж байна. Бид өмнө нь өмнөд орны хүмүүс цагаан идээнд дургүй гэж боддог байсан. Харин цагаан идээний жинхэнэ үр ашиг, шим тэжээлийг олон хүмүүст танилцуулж дараа нь зах зээлийг нээх боломж бүрэн байгаа гэж итгэл дүүрэн ярив.

Уламжлалт цагаан идээ дэлхийн зах зээлд гарав

2014 оны 4 дүгүүр сард Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд болсон "IV удаагийн  Дубайн Олон улсын хөрөнгө оруулах оны хурал"-д дэлхийн 80 гаруй улс орноос 13 мянга гаруй аж ахуйн нэгж оролцсон байдаг. Шулуунхөх хошууны "Тэнгэр тал үндэстний цагаан идээний үйлдвэр" гишүүний хувиар энэхүү дэлхийн томоохон хуралд оролцож, монгол цагаан идээгээ дэлхийн хүмүүсийн хүртээл болгож, бусад улс орны хэсэг компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Хүмүүсээс өндөр үнэлгээ авч, Дундад улс, Өвөр Монголын тал нутаг гадаадад сайхан сэтгэгдэл үлдээж байгааг мэдэрсэн тэд цагаан идээгээ улам сайн хийх урам зоригтой болов. Өмнө нь "Тэнгэр тал үндэстний цагаан идээний үйлдвэр"-ийн "Сааль" нэрэмжит цагаан идээ нь Өвөр Монгол, Бээжин, Хэбэй зэрэг 20 гаруй муж орон болон Монгол, Япон зэрэг дөрвөн улсад борлуулагдаж байсан бөгөөд 80 хувийн бүтээгдэхүүнээ захиалгаар борлуулдаг байв.

2003 онд байгуулагдсан уг үйлдвэр нь 10 гаруй жилийн өөрчлөлт хөгжлийн дараа хошууныхаа цагаан идээний аж ахуйн нэгжийн тэргүүлэгч аж ахуй болжээ. 2006 оны 11 дүгээр сард үйлдвэрийн данслуулсан "Сааль" нэрэмжит цагаан идээ хил алслан хийх эрхтэй болов. Энэ нь цар хүрээгээ өргөтгөх дэлхийн зах зээлд орох эхлэл юм. "Тэнгэр тал үндэстний цагаан идээний үйлдвэр" нь бүтээгдэхүүний чанарыг тэргүүнд тавин, "Улаанбаатар-Дундад улсын бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хөрөнгө оруулалтын хурал"-д оролцож, "Сааль" нэрэмжит цагаан идээ нь "Хэрэглэгчдэд хамгийн таашаагдсан бүтээгдэхүүн" шагнал хүртэв. Үүнээс гадна Япон, Солонгос, Орос улсад очиж үзэсгэлэн гарган хил алслан бүтээгдэхүүнээ борлуулах шинэ замыг зоригтой хайсан байна.

       2013 онд "Тэнгэр тал үндэстний цагаан идээний үйлдвэр" нь "Юаний дээд  нийслэл үндэстний соёлын онцлогт аж ахуй бүс"-д шилжсэнээс хойш нийт 7 сая гаруй юаний хөрөнгө оруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж, шинээр 20 гаруй ажилчин авч, шинэ бүтээгдэхүүнийг нэмж судлан гаргасан байна. Компанийн захирал Үнэнч танилцуулахдаа: - Гадаад борлуулалт манай компанийн чухал орлогын эх үүсвэр болсон. Өнгөрсөн хоёр жилд бид жил бүр 300 тонн цагаан идээ борлуулан 5 сая гаруй юаний орлого олсон. Ирээдүйд бид уламжлалт цагаан идээ хийх суурин дээр хуурай сүү, сүүтэй цай, цагаан идээ орсон олон төрлийн амтат идээг хийнэ гэж байлаа.

 Арга бодлого амжилтын суурь

Түүхээс уламжлалтай энэхүү үнэт чухал өвөө хошуу нутгийнхаа нэр төрөл болгож, бүх хошууны аж ахуйн хөгжлөө нэмэгдүүлэхийн төлөө 2006 оноос эхлэн Шулуунхөх хошуу жил бүр цагаан идээний наадам зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, цагаан идээний соёлоо хөгжүүлэх нийгмийн орчин, нөхцөл, уур амьсгалыг бий болгов. Үүний дараа цагаан идээний чанарыг дээшлүүлж, цагаан идээний үйлдвэрлэл зах зээлийн арга замыг зоригтой хайж, Юаний дээд нийслэл үндэстний соёлын онцлогт аж ахуйн бүсийг төлөвлөн байгуулж, улаан цагаан идээ болон чихэр жимс боловсруулах зэрэг үндэстний онцлогтой бага дунд бизнесүүдийг аж ахуйн бүсдээ төвлөрүүлсэн нь цагаан идээний үйлдвэрлэл худалдааны хөгжилд орчин нөхцөл, ирээдүйг ханган өгчээ. Тус хошуу мөн "Цахар" цагаан идээний нийгэмлэгийг байгуулан бүх хошууны цагаан идээ хийж байгаа хүмүүсийг цуглуулан арга туршлага солилцох, мэргэжлээ дээшлүүлэх, тусгай мэргэжилтэн бэлтгэх зэрэг сургалт явуулсан байна.

 2014 онд "Цахар" цагаан идээний нийгэмлэг нь аймгийнхаа цагаан идээний  нийгэмлэгтэй хамтран Шилийнголын уламжлалт цагаан идээний үзэсгэлэн гаргахын зэрэгцээ уламжлалт цагаан идээний хөгжлийн тухай уулзалт ярилцлага хийж, ах дүү хошуу нутагтай хамтрах, Монгол Улсын цагаан идээний аж ахуйн нэгжтэй арга туршлагаа хуваалцах, уламжлалт цагаан идээний хойшдын хөгжил, төрөл зүйлийн талаар уулзалт хийжээ. Уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл, боловсруулалт борлуулалтын явцаа дээшлүүлж, уламжлалт цагаан идээний нэмэлт өртгийг нэмэгдүүлж, орон нутгийн онцлогтой нэр төрлийг бүх хүчээрээ бий болгон, коллеж, ажил олголтын товчоо, хошууны байгууллага нэгжтэй хамтран уламжлалт цагаан идээний ажилчдад зориулсан мэргэжлийн сургалтыг хоёр удаа зохион байгуулсан байна. 400 гаруй хүнд сургалт явуулж, уламжлалт цагаан идээ эрүүлээр хөгжихөд бат суурь тавьж, өв соёлоор нэр төрлөө таниулж байна.

Шулуунхөх хошууны цагаан идээ алдаршиж, малчдын амьдралыг дээшлүүлж, хошуу нутгийн хөгжилд хүч нэмсэн байдаг. Үеийн үедээ малаа хариулж нутгаа сахисан малчид, засгийн газар сэтгэл хүч нэгдэн энэхүү түүхээс өвлөсөн цагаан идээний соёлоо нийгэм цаг үеийн өргөн хүрээнд гаргаж, аж ахуй нийгмийн үр ашгийг бүтээхээр дөрөө чангалж байна.

Зохиогч: Агаруу, Алтан- Од
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл