Алшаа аймгаас хоёр хүн энэхүү алдрыг хүртсэний нэг нь Эзнээ хошууны Соёл номын эсгий өргөөний эзэн, орон нутгийн соёлын нэрт зүтгэлтэн, яруу найрагч Эрдэнбаатар бөлгөө .

Эрдэнбаатар гуай Эзнээ нутгийн хүн. 1988 онд баруун хойдын Үндэстний дээд сургуулиас төгсөн ажилд орсон байна. Тэрээр хилийн цэргийн ажилдаа 20 гаруй жил зүтгэж, 2005 онд гавьяаныхаа амралтад гарсан байна. Эр цэргийн албанаа маш олон яруу алдраар энгэрээ мялаалгаж, орон нутгийн утга зохиол, соёлын үйл хэрэгт уйгагүй хөдөлмөрөө өргөж яваа зүтгэлтний нэг юм.

Дунд сургуульд суралцаж байхдаа л номын хорхойтой болж, ном бичгийг хайрлан хамгаалах заншилтай болсон бөгөөд дээд зууны 90-ээд оноос хураан цуглуулах ажлаа эхлүүлжээ. Ялангуяа 1994 онд Эзнээ хошууны Соёл номын эсгий өргөөг үүсгэн байгуулснаас хойш номын хэдэн дүүтэйгээ хамтран Өвөр Монголын хэмжээнд ном судрыг хураан цуглуулж, номын хорхойтнуудад зориулан үнэ төлбөргүй номын сан нээсэн байна. Тэрчлэн хүүхэд багачуудын шүлгийн тэмцээн, “Найргийн дугараа” шүлгийн наадмыг зохион байгуулж, уран зохиолд дуртай залуусын авьяас билгийг нь хурцалж, хүүхэд багачуудад ном бичгийг дээдлэх ухамсрыг суулгасан юм.

Одоогоор түүний Соёл номын эсгий өргөөнд 20 мянга гаруй монгол ном бий. Эрдэнэбаатар гуай монгол номыг хамгийн ихээр хадгалж байгаа нэгэн билээ. Уран зохиол, түүх, зан үйл гэхчлэн 40 гаруй ангиллын 100 гаруй төрлийн судар ном байгаа бөгөөд үүний дотор Өвөр Монголын хамгийн анхны хэвлэлийн “Хөх судар”, “Ниргэлт” зэрэг үнэ цэнэтэй ховор чухал ном судар бага бус байдаг байна.
