solongonews
Баянхошуунд ийм нэгэн хөл бөмбөгийн баг бий
2016-07-27 21:20
Баянхошуунд ийм нэгэн хөл бөмбөгийн баг б

Өвөр Монголыг 2014 онд Хятад улсын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн туршилтын суурингаар тогтоосноор Өвөр Монголын хэмжээнд хөл бөмбөгийг хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөсөн юм. Хөл бөмбөгийн уралдаанд оролцох хүний тоо жил дараалан нэмэгдэж, мэргэжлийн бус хөл бөмбөгийн баг борооны дараах мөөг шиг олширч эхэлсэн билээ. Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Баянхошуу сууринд ийм нэгэн хөл бөмбөгийн баг бий. Хөл бөмбөгчид нас, хүйс, эрхэлдэг ажил төрлийн хувьд адилгүй, гэвч тэдний хөл бөмбөгт яахын аргагүй татагдах сэтгэл нь нэг бөгөөд энэ л нэрийн доор нэгэн том гэр бүл болж, энэ том өрхөө тэд “Атар” гэж нэрийдсэн байна.

5 дугаар сарын 31-ний үдээс хойш Хорчин баруун гарын дунд хошууны Монгол дунд сургуулийн биеийн тамирын талбайд саяхан тэтгэвэрт гарсан хэдэн хижээл насны хүмүүс спортын хувцсаар зэвсэглэж хөл бөмбөгийн дасгал сургуулилт хийнэ. Удалгүй хэдэн охид, залуучууд ар араасаа хүрэлцэн ирж хөл бөмбөг тоглоно. Эдгээр хүмүүс бол “Атар” хөл бөмбөгийн багийнхан юм. Хэн нэгний хөл бөмбөгийн хобби нь хөдөлбөл Вичатаар холбоо барьж, завтай нь энд хуран чуглаж, ажлын алжаалаа тайлдаг байна. Энэ нь өдгөө нэгэнт “Атар” багийнханы заншил болжээ. Анхандаа ийм зохион байгуулалттай байгаагүй аж.

2004 онд “Атар” хөл бөмбөгийн баг анх байгуулагдсан тэр үед багийн гишүүн цуглуулж тоглоход амаргүй байсан бөгөөд нөхцөл байдал ч тааруухан байлаа. Дөнгөж хошуундаа ирж ажиллах болсон Атар бол ёстой хөл бөмбөг гэхээр бүхий л зүйлээ мартчихдаг “Бөмбөгний хорхой” тул иймэрхүү хөл бөмбөгийн орчныг өөрчлөхийн төлөө өөрийнхөө нэрээр “Атар” мэргэжлийн бус хөл бөмбөгийн багийг байгуулсан байна.

- Анх зөвхөн хөл бөмбөг тоглох дуртай найз нөхдөө цуглуулж, хагас сайн өдөр хэдүүлээ тоглож хөөрөлдөхөөр энэхүү багаа бүрдүүлсэн юм. Хожим нь өргөжин хөгжсөөр манай багийн гишүүд улам олноороо нэмэгдэх болсон. Ялангуяа Өвөр Монголоос хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжүүлэлтийн ажлыг чухалд үзэж эхэлснээс хойш манай багийнхан ч маш их урамшиж, бүх аймаг, бүх орон, цаашлаад улсын хэмжээнд ч гэсэн хөл бөмбөгийн талаар өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаар зорилт болгож, өнгөрсөн жил “Атар” хөл бөмбөгийн клуб байгуулсан. Энэ жилийн таван сард эмэгтэй хөл бөмбөгийн багийг ч үүсгэн байгуулаад байна гэж Атар хөл бөмбөгийн багийнхаа тухай товчхон танилцууллаа.

“Атар” хөл бөмбөгийн баг 12 жилийн турш хэдхэн гишүүнтэй байсан бол одоо эрэгтэй, эмэгтэй нийт наяад гишүүнтэй болж, хошуу аймгийн уралдаанд оролцохоос гадна Эрээн хот зэрэг газруудаар очиж уралдаан тэмцээнд оролцох болсон байна.

- Би 2014 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг төгсөж, хошууны Соёл тамирын товчоонд ажилласан юм. Арваад жил хөл бөмбөг тоглож, их сургуульдаа ч хөл бөмбөг өшиглөж байсан. Дараа нь хошуундаа ирээд хамт хөл бөмбөг тоглох хүн цөөрсөнд эхэндээ урам хугарч байсан ч сүүлд нь “Атар” клуб байгуулагдаж, хошууны хөл бөмбөгт хоббитой охидыг цуглуулснаар бидэнд хөл бөмбөг тоглох боломж олгосон юм гэж эмэгтэй хөл бөмбөгийн багийн гишүүн Бао Шянлань ярилаа.

“Атар” хэдийгээр зөвхөн мэргэжлийн бус хөл бөмбөгийн клуб боловч ирээдүйн тухайд аугаа их төлөвлөгөөтэй.

- Ирээдүйд Хятад улсын хөл бөмбөгийн холбоот уралдаанд “Атар” клубээ өөрийн гэсэн орон байртай болгох нь миний нэ насны хүсэл мөрөөдөл юм. Одоогоор “Атар” өөрийн хөл бөмбөгийн талбай, дасгалжуулагчтай болж, улам дүрэмжин цэгцэрч, өөрийн гэсэн үе шатчилсан багтай болохыг хамгаас илүү хүсэж байна. Бид хамтдаа энэ зорилгынхоо төлөө үргэлжлэн хичээх болно гэж Атар өөрийн санал бодлоо илэн далангүй хуваалцлаа.

Зохиогч: ЗУНАА
Найруулагч: Болор
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл