solongonews
Саальчин бүсгүй Мөнгөнцэцэг
2015-07-25 14:10
Уртын хонгор дуугаар унаган хүлэг янцгааж, айраг тарагны үнэр сэнгэнэнэ. Энэ бол саальчин бүсгүй Мөнгөнцэцэгийнх.

Хуртай зуны гурван сардаа хөдөө нутаг намиран цэлийж, униартан цэнхэртэнэ. Энэ бол Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг. Уртын хонгор дуугаар унаган хүлэг янцгааж, айраг тарагны үнэр сэнгэнэнэ. Энэ бол саальчин бүсгүй Мөнгөнцэцэгийнх.

       7 дугаар сарын 14-ний өдөр сэтгүүлч биднийг очиход Мөнгөнцэцэг Мандахбулаг суурины хойд дэнжид гүүгээ сааж байлаа. Ганцаараа арваадхан минутад найман гүүг сааж дуусгаад, цэгээ исгэх гэртээ чимээгүйхэн юүлчихээд бидэнд цай аягалан өглөө.

       Мөнгөнцэцэгийнх 40-өөд адуутай, 800 гаруй хоньтой, 1000 гаруй га бэлчээр дээрээ тарган тавтай амьдарч байна. Тэрээр энэ амьдралдаа сэтгэл хангалуун, хөдөө нутагтаа малаа хариулан сэтгэл амар байж болох байсан. Гэтэл энэ ажилч бүсгүй зарим малчид шиг суурь сүргээ хоньчинд өгч бие сэтгэл амар жаргахыг бодоогүй. Хөдөлмөрч зан нь түүнийг зүгээр суулгахгүй, сүү саалийн ажил, үйл оёдол хийх, суурингийнхаа эмэгтэйчүүдийн холбооны ажилд туслах гээд чадах чинээгээр бүхнийг амжуулсаар энэ жил суурины ээлжит сонгуул болоход эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгчийн ажлаа өөрийн саналаараа хүлээлгэн өгч, зав чөлөөтэй болж цэгээ исгэж эхэлжээ. Хоёр жилийн өмнө тэрээр Мандахбулаг сууринд "Адуучин айл" цэгээний газрыг нээж, өөрийн жижиг бизнесээ эхлүүлсэн нь өнөөдөр болоход нэлээд урагштай яваа аж. Мөнгөнцэцэг 8 гүүгээ өдрийн 5 удаа саахад нэг гүүнээс 10 литр саам авах жишээтэй.

Зах зээлийн үнэ ханшийг үзэхэд цэгээ литр бүрдээ 36 юань хүрч байгаа. Мөнгөнцэцэг энэ жилийн 6 сарын дундаас эхлэн сааль авсан бөгөөд 10 сар болтол авах санаатай байгаа гэнэ. Нэг сарын цэвэр орлого 10 мянган юань хүрч байна. Мандахбулагт цэгээ хийж байгаа айл зөвхөн Мөнгөнцэцэгийнх. Түүний цэгээг Хөлөнбуйр, Улаанхад зэрэг аймат хотоос захиалгаар авдаг байна.

Мөнгөнцэцэг адуунд хайртай байх нь аргагүй. Нөхөр Хосбаяр нь сайн уяач. Биднийг очиход Эрээнговь сумын наадамд хурдны морь уралдуулахаар явсан байв. Хүү нь ч хурдны морь унаж медаль шагналаар мялаалгаж яваа удам залгасан үр байлаа. Молор эрдэнэ морины мундашгүй ач тусыг эдэлж хайрлаж явах гэгч малчин хүний заяа. 

 

Зохиогч: Үнэнжаргал, Бүрэнбаяр
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл