2015 оны III удаагийн Олон улсын үндэстний соёлын аж үйлдвэрийн яармаг болон III удаагийн Хөххот Олон улсын цайны үйлдвэрлэлийн яармаг, Өвөр Монголын цайны соёлын наадам энэ сарын 24-28-ны өдрүүдэд Хөххотноо зохион байгуулагдана. ӨМӨЗО-ны CCPIT (Олон улсын худалдааг дэмжих хороо), Хөххотын засгийн газар хамтран зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Дундад улсын олон муж орон оролцох бөгөөд ОХУ, Египет, Турк зэрэг улс орнуудын мянга гаруй оролцогчийн хэдэн арван төрлийн шилдэг бүтээгдэхүүн дэлгэгдэх болно.

Мөн анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Өвөр Монголын цайны соёлын наадмаар цайны соёл болон эрүүл мэндийн форум зохиогдож, Дундад улс хийгээд олон улсын цайны нэрт эрдэмтэн судлаачид иргэдийн хамт цайны тухай ярилцах юм байна. "Өнгөт цайны ёслол цайны уулзалт", монгол үндэсний сүүтэй цайны соёлын үзүүлбэр зэрэг арга хэмжээг хийж, иргэдэд цайны соёлын утга учрыг мэдрүүлэх аж.

