solongonews
Хилийн зай дамжсан хайрын халгиа
2016-06-20 16:52
- Машины осол гарч хүнд гэмтэл авсан хүнийг эмнэлэгт хүргэхээс өмнө унтуулж болохгүй гэдгийг энэ хэрэг явдал тохиолдохоос өмнө би мэддэггүй байсан.

Өнөөдөр тавдугаар сарын 16-ны өдөр. Бугат хотын Дархан Муумянган хошууны иргэн Үүрцайтай Монгол Улсын иргэн Батбаатар утсаар ярилаа. Батбаатар нэг жилийн өмнө болж өнгөрсөн учрал тохиолдоо баярлаж талархсан сэтгэлээ дахин дахин илэрхийлэхийн зэрэгцээ сүүлийн үед бие нь эрүүл тэнхлүүн байгаагаа ярьж, ойр хавийн сонин хачинаа хуваалцан яриа хөөрөө өрнүүлнэ... Энэхүү улс алслан утсаар холбогдох баярласан хоёр хүний түүхийг ярихад нэг жилийн өмнөх үйл явдлыг дэлгэх ёстой.
2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Үүрцайх машины ослоор хүнд гэмтэл авсан   Монгол Улсын иргэн Батбаатарыг аварсан нь Монгол Улс болон Дархан Муумянган холбоот хошуу даяар тархан дэлгэрч сонссон бүхний сэтгэлийг догдлуулна.
Энэхүү сайхан буянтай сэтгэлээс ундарсан үйл хэргийн нэг жилийн ойн өдөр Батбаатар Монгол Улсаас Үүрцайхтай утсаар ярьж, баяр хөөр бялхаж байгаа нь энэ аж.

Өрөвчхөн сэтгэлийн агуу хүч
Өнгөрсөн жилийн 5 дугаар сарын 16-ны өдөр Дархан Муумянган холбоот хошууны Мандал суурингийн Соёлын байгууллагад ажилтай Үүрцайх гэртээ байж байтал такси барьдаг нөхөр нь ирээд: - Монгол Улсын нэг залуу машины осолд орж, хүнд гэмтэж Батхаалгад хүргэж шинжилгээ хийлгэх хэрэгтэй болоод байна гэжээ. Үүнийг сонссон Үүрцайх тэр даруйд нь нөхөртэйгөө хүрч очиход Батбаатарыг хүрээлэн арав хорин такси зогсож байсан ч зам дундаа эндэл гарахаас айж, хошууны төвд хүргэж өгөх хүн байсангүй. Үүрцайх тэр бүрийг бодож амжилгүй нөхрийнхөө машины арын суудал дээр Батбаатарыг хэвтүүлээд хошууны төв Батхаалга сууринг зорьжээ.
- Монгол Улсын Өвөрхангай аймгийн иргэн Батбаатар тухайн өдөр Монгол Улсаас Мандал боомтод бараа хүргэхээр ирэх замдаа машины осолд оржээ. Батбаатар маш хүнд гэмтэл авсан болохоор шууд хошууны эмнэлгийн газар хүргэхээр болж, амралтын өдөр байсан болохоор замдаа найз Цэцэнтэй утсаар ярьж, эмнэлгийн газартай холбогдуулсан. Оройн найман цагийн үед эмнэлэгт очиход эмч сувилагчид бүгд гадаа хүлээж байсан. Тэр байдлыг хараад бид үнэхээр сэтгэл догдолсон гэж Үүрцайх тухайн үеийн байдлыг ярив.
CT шинжилгээ хийлгэж Батбаатарын нуруунаас хүзүү хүртэл долоо найман хэсэгт хугарч, хоёр дал, баруун талын гурван хавирга нь хугарч, нэг хавирга нь уушгинд нь хатган орсон бөгөөд цээжинд нь ус хурж шарх нь маш хүнд байгааг оношлон тогтоожээ.
- Машины осол гарч хүнд гэмтэл авсан хүнийг эмнэлэгт хүргэхээс өмнө унтуулж болохгүй гэдгийг энэ хэрэг явдал тохиолдохоос өмнө би мэддэггүй байсан. Гэвч тухайн өдөр цаанаасаа совинтой юм шиг хүнд гэмтсэн Батбаатартай зам турш ярилцан, эмнэлэгт хүртэл сэргэг байдалтай байсан гэв.
Батбаатар эмнэлэгт хэвтэхэд биедээ зөвхөн мянга гаруй юань авч явсан. CT  шинжилгээ хийлгээд 800 гаруй юань зарцуулав. Мөнгө санхүүгийн асуудал тулгарч, гэр бүлийн хүмүүс нь ч дэргэд нь байхгүй байсан болохоор эмнэлэгт хүргэж ирсэн Үүрцайх өдрийн гурван хоол цайг нь Батбаатарын хоолны дуршилд зохицуулан хийж өгөхийн зэрэгцээ хичээнгүй асран халамжилж, эмнэлгийн бүхий л асуудлыг нь дааж авчээ.
“Тухайн үед энэ залуу хэрвээ аз бусаар эндсэн бол яах вэ? Тэгвэл хоёр улсын хэрэг болно. Энэ хариуцлагыг чи үүрч чадах уу?” гэж ойр дотнын хүмүүс үргэлж Үүрцайхаас асуухад хариу юу ярихаа олж яддаг байсан ч амь насны аюулаас мултарсан юм чинь арай гайгүй байх гэж боддог байв.
Үүрцайх ээжтэйгээ хамт эмнэлэг дээр байхдаа Батбаатарын гэр бүлийнхэнтэй холбогджээ. Ах Батсайхан, Батбаатарын гэргий ар араасаа ирснээр Үүрцайх өөрийн ажлаа хийх зав чөлөөтэй болсон байна.

Нийгэм нийтийн хайр халамж
Батбаатарыг эмнэлэгт хэвтсэн гурав дахь өдөр хошууны эмнэлгийн газраас Хөххот дахь Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооноос эмч урьж Батбаатарт шинжилгээ хийлгэсэн байна. Монгол Улсын үл таних залууг асран халамжлах Үүрцайхын энэхүү үйл хэргийг сонссон хүмүүс ирж Батбаатарт туслах болов.
       Үүрцайхыг Батбаатарт өглөөний цай хүргэхээр очих үед эмнэлгийн эмч сувилагчид түүнээс эрт амттай зүйлийг ширээ дүүрэн тавьсан байдаг.
       Эмнэлгийн зардал нь хүрэхгүй бол Үүрцайхын гэр бүлийн хүмүүс нь түүнд туслан хошууны Улаан Загалмайн нийгэмлэгтэй холбоо барив. Үүний зэрэгцээ хошуу сумны байгууллага нэгж, сургууль, хувь хүн хамтран Батбаатарт туслах хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, олны халуун дэмжлэгээр дөчин мянга гаруй юань цуглуулав.
- Нэг өдөр өвчтөний өрөөнд хэдүүлээ хоолоо идэж, ярьж суухад хажуу орны өвчтөнг харж байсан Хун Ин гэх эмэгтэй гэнэт босож гурван зуун юань Батбаатарын дэрэн доогуур хийхэд Батбаатар сэтгэл догдлон өөрийн эрхгүй нулимс унгажээ. Бусдын өрөвчхөн сэтгэлээр туслан дэмжиж байгаа мөнгийг анх авч байгаа болохоор тэр үед эрхгүй нулимс унагаж л байлаа.


       Батбаатар эмнэлэгт сувилгаа хийлгэхийн зэрэгцээ Дархан Муумянган холбоот  хошууны нутгийн нэгэн яс бариачийн найруулсан эмийг уув. Тэгээд бараг хоёр сар шахам эм уухад эмчилгээ хийхгүйгээр маш гайхалтай өөрөө босч чадах болов. Олон яс бэртэж, цээжинд нь ус хураад хүнд гэмтэл авсан хүн хагалгаанд оролгүйгээр өөрөө босох болсон гэхэд хэн хүн ч итгэмээргүй байв.
- Эмнэлэгт хэвтсэнээс хойш 58 дахь өдөр Мандал сууринд ажлаар очоод байж байтал Батбаатар утсаар надруу залгаж “Эгч ээ, би босчихлоо!” гэж их баяртай ярьж байсан. Би түүнийг дураараа бослоо гэж загнаж бас сэтгэл догдлон уйлсан. Тэр өдөр Батбаатарын ах болон гэргий нь яг хажууд нь байж, хоёр сар хэвтсэн хүн босоод суухаар тэд ч их гайхсан гэж Үүрцайх ярилаа. 63 дахь өдөр нь Батбаатар нутаг буцахаар болоход Үүрцайх Ганцмод боомт хүртэл хүргэсэн байна.
Нутаг буцсан Батбаатар сар гаруйн дараа нутгийнхаа эмнэлэгтээ очиж  шинжилгээ өгч машины осолд орж, олон яс хугарч бэртсэн хүн гэхэд эмч сувилагч нар нь итгэж ядан гайхсан гэдэг.
- Түрүүн Батбаатартай утсаар ярихад бие нь өвдөж хавдаж байгаа зүйлгүй байгаа бөгөөд нутгийн эмч нар шинжилгээний дүнг хараад гайхаж, манай улсын эмнэлгийн мэргэжлийг үнэхээр хувилгаан хэмээн магтаж байсан гэнэ. Үүгээр ч барахгүй Батбаатар Замын-Үүдэд ажиллаж байгаа гэж ярьсан гэв.


“Дэм дэмдээ, дээс эрчиндээ” гэхчлэн Үүрцайхын Батбаатарыг аварсан халуун сэтгэл, нийгэм нийтээрээ туслан дэмжсэн халамж хайрын үйл ажиллагаа хэвлэл мэдээллээр дамжин хоёр улсад цацагдсан бөгөөд олон хүмүүст үлгэр дууриал болж, хоёр улсын иргэдийн сэтгэлийг халуун хайраар холбожээ.
Энэ жилийн нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” төрийн бус байгууллагаас Үүрцайхад талархлын бичиг гардуулсан бөгөөд 16135 дугаартай “Алтан соёмбо”-оор шагнаж, өргөмжлөл гардуулсан байна. Үүнээс гадна хошуунаас нь түүнийг “Бусдад туслахыг жаргалаа болгосон бидний дэргэдэх сайн хүн”-ээр шагнав.
Ийнхүү хилийн боомт дахь хайр халамжийн үйл ажиллагаа хүмүүсийн сэтгэлд хаданшиж, сайн сайхан түүх нь олон хүмүүст жишээ болсоор…

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл