solongonews
Гоо сайхан ертөнцийг амилуулдаг
2016-04-11 15:49
Эмэгтэйчүүд гоо сайхнаараа бүхнийг бишрүүлж байдаг. “Усны эх, өгүүлбэрийн эхлэл шиг эмэгтэй хүнийг би амьдралын эх ундарга гэж тодорхойлмоор санагддаг” гэж нэгэн сэтгүүлийн эрхлэгч сэтгүүлийнхээ эхний нүүрэнд бичсэн байдаг. Тиймдээ ч эмэгтэйчүүд юм бүхний эх болох жишиг нь билээ.


- Ажил үйлсээ өөрийн гараараа босгож байгаа залуу бүсгүйчүүдээ сурвалжиллаа.
  Ертөнцөд муухай эмэгтэй гэж байдаггүй, залхуу эмэгтэй гэж байдаг гэдгээр өөрийн гоо сайхныхаа төлөө арчилгаа, эмчилгээндээ сэтгэл тавьж бүгдийг зориулах ёстой.


  Таван жилийн өмнө манай хошуунд эмэгтэйчүүдийн гоо сайхны салон нэг хоёр тоологдож, ганцхан нүүрний иллэг л хийдэг байлаа. Тэгээд ч эмзэг арьстай эмэгтэйчүүдийн нүүрний арчилгаа, эмчилгээ хийлгэх салон олдохгүй, бүр цаашлаад гар арчилгаа, хумс, сормуус, хөмсөг засах, ургуулах зэрэг нарийн арчилгааг хүсээд ч байдаггүй байлаа. Саяхнаас эмэгтэйчүүдийн дунд “И Меньзи” гоо сайхан гэж их яригдах боллоо. Би ч эмэгтэй хүний хувьд мөрөөдөж байсан хүсэл минь чих дэлсэхэд сонирхон сурвалжлахаар очлоо.


 “И Меньзи” гоо сайхны салон Шинэ Барга баруун хошууны төвийн Үй цай орон сууцны 6-р байрны хоёр давхарт байрладаг юм байна. Намайг үүдийг нь тогшоод ороход Яруу, Урнаа гэх эелдэг даруухан, дөлгөөн хоёр бүсгүй угтлаа. Дөрвөн өрөө байрыг тохилог, тав тухтай, дулаахан тохижуулсан нь очсон хүмүүст бүх үйлчилгээг энд л хийлгэж, тухтай амраад авъя гэх сэтгэгдэл төрөхөөр байлаа. Хоёр бүсгүйтэй танилцлаа. Яруу хумс хийж, цаад өрөөнд нь Урнаа эмзэг арьсны эмчилгээ, иллэг хийж байхад гурван бүсгүй ямар үйлчилгээг хийлгэх сонголтоо хийж байлаа. Би ч ажилдаа орлоо.   


-Танайх ямар ямар үйлчилгээ хийдэг вэ?
  Яруу: - Манай үйлчилгээнд нүдний доод зовхи унжилтыг зогсоох, хөгшрөлтийн эсрэг иллэг, арьсыг уян зөөлөн толигор болгох, эмзэг арьстай нүүрний эмчилгээ арчилгаа, иллэгийг хослуулах, арьсны сүвийг эрүүл, цэвэр байлгах, нүхжилтийг эмчлэн багасгах, нүүрний булчинг чангалж, хэлбэр засах, сормуус, хөмсөг ургуулах, суулгах гарын бүрэн тэжээлийн иллэг, нуруу хүзүүний иллэг хийж булчинг амраах зэрэг нарийн үйлчилгээг хийдэг гэж танилцууллаа. Ярилцаж суухдаа миний нүд өрөөн доторх сонин содон бүхэн дээр гүйж байлаа. Хананд өлгөөтэй улаан даашинзтай эмэгтэйн өвөрмөц үс засалттай зураг нүдэнд тусаад асуувал, Яруугийн Шандуний Яньтайд мэргэжлийн гоо сайханы сургалтад сурч байхдаа тайзны, хуримын, ёслолын, гоёлын үс засалтын тэмцээнд оролцоод нэгдүгээр байранд орсон дурсгалтай зураг нь гэж байлаа. Үс засалтыг төрөл бүрээр хийнэ гэсэн үг. Хуримын сүйт бүсгүйн гоёл, будалт, үс, хумсыг хийж, уран бүтээлчид болон тусгай хүлээн авалтад оролцох хүмүүст зориулсан будалтыг бас хийдэг. Энэ бүх ажлыг хоёрхон бүсгүй хийж байгаа нь гайхалтай. Хэчнээн их цаг хугацааг зарцуулж, хүч хөдөлмөр шаардагдаж байгааг нэг өдрийн нөр их ажлаас нь харагдаж байлаа. Тэд өглөө нар мандахаас үдэш нар шингэтэл өөрсдийнхөө амрах цаг, ундлах мөчөө хүртэл энэ бүхэнд зориулж байгаа нь мөнгө биш, харин гоо сайхны төлөө зүтгэж байгаад гайхамшиг байгаа юм. 


  Энэ мэргэжлийг сонгох болсноо бидэнд сонирхуулбал?
 Яруу: - Бид хоёр сургуулиа төгсөөд л өөрсдийн дур сонирхолдоо хөтлөгдөн шууд мэргэжлээ сонгож, сургалтыг өндөр зэргээс нь сонгон суралцаж эхэлсэн. Гоо сайхны салоноо бүрэн үйлчилгээтэй мэргэжлийн өндөр түвшинд ажиллуулах гэж анх төсөл гаргаж суухдаа найз Урнаатайгаа ажлаа нэгтгэж, хамтдаа ажиллахаар болсон гэлээ. Цаад өрөөнд иллэг хийж байсан Урнаагаас ажлын тухай асуухад? 


- Борви бохисхийх завгүй цаг нартай уралдан ажиллах зуураа үйлчлүүлэгчдээсээ байнга мэдээлэл авч, дэвшилттэй сайн хийхээр ажиллаж, мэргэжлээ дээшлүүлэх сургалтад суудаг гэж байв.
Хоёр бүсгүй маань арван жилээ төгсөөд л мэргэжил эзэмшихээр зорьсон байна. Үүнээс тусгай мэргэжил сурч, эзэмшин ажиллах нь мэдлэгтэй холбогдохгүй юм байна гэдгийг ажил хайж байгаа залуучууддаа хэлмээр санагдлаа.


  Яруу, Урнаа хоёр гоо сайхны тусгай мэргэжлийг Далян, Манжуур, Шандуний Янтай зэрэг хотуудаар сурч, 2014 оноос эхлэн нутгийнхаа эмэгтэйчүүдийн гоо сайхны төлөө үйлчлэхээр тус салонаа ажиллуулж эхэлсэн ажээ. Ажиллаж эхэлснээсээ 2 жилийн дотор байнга ирдэг 150-200 үйлчлүүлэгчтэй болжээ.


  Гоо сайхны мэргэжлийн ажил их няхуур, хянамгай ажил. Ялангуяа эмэгтэйчүүдэд хийх арчилгаа, иллэг, эмчилгээ бол бүр ч нарийн судалгаа, хичээнгүй хөдөлмөрөөр хэмжигдэх хянуур ажил болно. Энэ их нарийн ажлыг сурч эзэмшээд бусдын гоо сайхны төлөө, эмэгтэйчүүдийг өөдрөг сэтгэлтэй, үргэлж залуу, гоё хээнцэр байхад бүх сэтгэлээ зориулж байгаа нь Яруу, Урнаа хоёрын л хийх ёстой ажил шиг бодон ажиллаж байгааг нь хараад энэ хоёр бүсгүй л ертөнцийг амилуулж залуужуулах үйл хэрэгт зүтгэж явна даа гэж бодогдов. Амьдралын эх ундарга болох эмэгтэйчүүдийнхээ төлөө сэтгэл, хөдөлмөр оюун юугаа зориулж байгаа хоёр бүсгүйдээ амьдрал ажил үйлс нь үргэлж амжилтаар ундарч байхыг хүсье.


 

Зохиогч: Цэнгэл ШББХ
Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл