БНХАУ-ын дэд дарга Хань Жэн 8-р сарын 26-ны өдөр Бээжинд БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Пак Бён Согийг хүлээн авч уулзлаа.
Хань Жэн уулзалтын үеэр хэлэхдээ, БНСУ-ын шинэ засгийн газар ажлаа авснаас хойш Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Ли Жэ Мён нар утсаар ярьж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд ахиулах талаар чухал тохиролцоонд хүрсэн нь хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон юм. Хятад улс уг тохиролцоог хэрэгжүүлж, стратегийн итгэлцлийг бэхжүүлэн, харилцан ашигтай салбарыг өргөжүүлж, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэн, улмаар хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байна. Энэ онд Дэлхийн хоёрдугаар дайны ялалт болон Солонгосын хойг чөлөөлөгдсөний 80 жилийн ой тохиож байгаа юм. Хятад улс БНСУ-ыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран энэхүү ялалтын үр дүнг хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг сахин хамгаалахад бэлэн байна гэжээ.
Пак Бён Сог хэлэхдээ, БНСУ-ын шинэ засгийн газар Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд “Нэг Хятад”-ын зарчмыг баримталсаар ирсэн, хоёр орны удирдагчдын тохиролцооны дагуу стратегийн түншлэлийн харилцааг зөв чиглэлд эргэн оруулж, хоёр орны ард түмэнд бодит ашиг тусаа хүртээхийг эрмэлзэж байна гэжээ.
