solongonews
Юньнань: Хамтын хөгжлийн замд аль ч үндэстнийг хоцроохгүй
2025-06-30 16:49
Юньнань: Хамтын хөгжлийн замд аль ч үндэстнийг хоцроохгүй

Ши Жиньпин дарга 2020 онд Юньнаньд ажиллах үеэдээ:

- Үндэстний цөөнх, цөөн хүн амтай газар нутгийг хөгжүүлэх, хил орчмын бүс нутгийг хөгжүүлэх, ард иргэдээ баяжуулах зэрэг төлөвлөгөөг хэрэгжүүлж,  үндэстнүүдийн ард түмний амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх ёстой гэж тус мужийн үндэстний цөөнхийн бүс нутгийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байдаг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Юньнань хөгжлийн шинэ үзэл баримтлалыг иж бүрэн, оновчтой хэрэгжүүлж, хөгжил цэцэглэлтээр үндэстний цөөнхийн газар нутгийн бэрхшээлтэй асуудлыг шийдэх гол арга зам болгож, аж үйлдвэрийг сайжруулах, төслийн зохион байгуулалт, санхүүгийн баталгаа зэрэгт Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бий болгох шаардлагыг бүрэн тусгаж, эдийн засгийн бодлого үндэсний бодлогыг ижил түвшинд хөгжүүлж, үндэстний цөөнхийн газар нутгийн нийгмийн хөгжлийг дэмжсэн.

Шинэ эринд Юньнань мужийн үндэстний өөртөө засах бүс нутгийн ДНБ-ий жилийн дундаж өсөлтийн хурдыг 9 хувьд хүргэжээ. 2023 онд Юньнань мужийн эдийн засгийн нийт хэмжээ 3 их наяд юаньд хүрч, түүхэн дээд амжилт бүтээн, үндэстний цөөнхийн бүс нутгийн тариаланчдын нэг хүнд ногдох орлого 16218 юаньд хүрч, 2015 оныхоос нэг дахин нэмэгджээ.

Үндэстний цөөнхийн газар нутгийн чансаатай хөгжлийг түргэсгэж байж л үндэстнүүд эв санаа нэгтэй, эдийн засгийн хувьд нэгдмэл болж, Хятадын үндэстнүүдийн эдийн засгийн нэгдмэл цогц байгуулах хүчирхэг хүчийг бий болгож чадна гэдгийг Юньнань мужийн бодит ололт амжилт нотолж байна.

Төлөвлөсөн ёсоор ядуурлаас ангижирч, чинээлэг амьдралыг бий болгожээ

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 20-нд Нүжян Лисүгийн өөртөө засах жөү байгуулагдсаны 70 жилийн ой тохиосон юм. Дүлүн нутагт, 70 гаруй насны Дүлүн үндэсний эмэгтэй Ли Вэньши өнгө өнгийн Дүлүн хөнжил нэхэж байв. Тэрбээр:

- Одоо сайхан байшинд амьдарч, дулаан хувцас өмсөж, мөр бүтэн гэдэс цатгалан боллоо. Энэ бүхний төлөө Коммунист намдаа талархах ёстой гэж одоогийн сайхан амьдралдаа маш их сэтгэл хангалуун ярьж байлаа.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин бүх хүчээ ядуурлаас ангижруулах ажилд зориулан, Юньнань мужийн үндэстнүүдийн ард түмэнд онцгой анхаарал хандуулав. Нэгэн цагт ядуурлын түвшин 56.24 хувьд хүрч байсан Нүжян асар их үсрэлт хийж, цөөн хүн амтай үндэстний цөөнхийг бүхэлд нь ядуурлаас гаргаж, бүс нутгийг бүхэлд нь ядуурлаас ангижруулсан "Мянган жилийн үсрэлт"-д хүрч, Хятадын ядуурлыг бууруулах жишиг болов.

Ядуурлаас ангижрах нь зөвхөн эхний алхам, улам сайн сайхан амьдрал биднийг хүлээж байна. Дүлүн нутаг нь жилээс жилд өөрчлөгдөж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Дүлүн болон Нү үндэстний өөртөө засах нутгийн Дүлүн хивс нэхэх, боловсруулах тариачдын мэргэжлийн хоршоо байгуулагдаж, Шанхайн компаниудтай хамтран захиалгаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Шанхайн компаниуд нэхмэлийн материалаар хангадаг бөгөөд тус хоршоо нь эмэгтэйчүүдийг зохион байгуулж гар нэхмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дараа нь Шанхай руу борлуулдаг байсан. Ли Вэньшигийн охин Ли Юхуа энэхүү хоршоонд элсэн оржээ. Ли Вэньши охиндоо гэр бүлийн бизнесээ хөгжүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн эгнээнд нэгтгэхэд идэвхтэй тусалсан юм. Өдгөө Дүлүнгийн иргэдийн өрхийн дундаж хадгаламж 50 мянган юаниас давж, нийт өрхийн 93 гаруй хувь нь авто машинтай болсон.

Шишуанбанна Дай үндэсний өөртөө засах жөүгийн Жинхүн хотын Жинүо уулын Жинүо тосгоны явган аяллын хөтөч Чие Мяо:

- “Уул түшин ус бараадсан нутагт минь зочлон ирж ширэнгэн ойгоор явган аялаарай” гэж сошиал хуудсаараа урилга өгчээ. Энэ нутагт аялал жуулчлалын оргил үе эхлээд удаагүй байсан бөгөөд түүний ажлын хуваарь хэдийнээ дүүрч маш завгүй ажиллаж байв. Одоогийн байдлаар Жинүө уулан тосгонд 24 аж ахуйн нэгж ширэнгэн ойд явган аялал хийх үйл ажиллагаа зохион байгуулж, 10 тосгоны 1500 орчим хүн оролцож, нэг хүнд ногдох орлого 30 мянга гаруй юаниар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил Жинүө тосгоны ширэнгэн ойд явган аялалд оролцсон нийт хүний тоо 370 мянгад хүрсэн байна.

Нэгэн цагт нэвтрэх боломжгүй байсан нууцлаг сонирхолтой аялал жуулчлалын газарт одоо тосгоныхон аяллын хөтөч хийж, гэр буудал ажиллуулж хоёр төрлийн орлоготой болж байна. Ядуурлаас ангижрахад манлайлан оролцохоос эхлээд хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үйлс хүртэл Хятад улсын 56 дахь үндэстэн болох Жинүөчүүд хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилгодоо хүрэх шинэ аянд тууштай зүтгэж байна.

Аж үйлдвэрийн нэгдэл дотоод хүчийг хөгжөөдөг

Юньнань муж "Үндэстнүүд бүгдээрээ нэг гэр бүл, гэр бүлийн бүх гишүүд сайн сайхан амьдрах ёстой" гэсэн итгэл үнэмшлийг баримталж, хамтын хөгжил цэцэглэлтийн замд ямар ч үндэстэн хоцрохгүй байхыг баталгаажуулсан. Мужийн хэмжээнд хөдөөгийн иргэд, ядуурлаас гарсан иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж, хөдөөг сэргээн хөгжүүлэх хөгжил дэвшлийн төлөөх бүтээн байгуулалтын ажлыг гүнзгийрүүлэн сурталчилж байна. Үндэстнүүдийн ард түмнийг зохион байгуулж, тухайн нутгийн онцлогт тохирсон хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлал, ард түмнийг баяжуулах бусад ажил төрлийг эрчимтэй хөгжүүлж, тариачдыг орон нутагт нь ажлын байраар хангаж, амьдрахад таатай, сайхан тосгоны бүтээн байгуулалтыг эрчимжүүлжээ.

Вэньшань Жуан үндэсний өөртөө засах жөүгийн Лиүланчэн тосгоны нэг хүнд ногдох цэвэр орлого гурван жил дараалан нэмэгдэж, 2021 онд 16,350 юань байсан бол 2022 онд 19,225 юань болж, дараа нь 22,355 юаньд хүрч, 2024 онд 30,000 юань хүрчээ. Гурван жилийн өмнө Гуаннань шянь Лиүланчэн тосгоныг хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж буйг харуулах цэг болгожээ. Намын байгууллагын удирдлага, төр засаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчин чармайлт, олон нийтийн оролцоо, нэгдсэн төлөвлөлт, шат дараатай хэрэгжилтээр Лиүланчэн тосгоны гол бүс нутгийн орон сууцны хэв маягийг шинэчилж, 10,000 метрийн ширэнгэн ой, гэр буудлыг байгуулж, тарих, сонирхох, амтлахыг нэгтгэсэн хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Энэ нутаг өнгөрсөн жилээс эхлэн мужийн дотоод болон гадаадаас 360 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого нь 13 сая юаньд хүрчээ.

Пүэр хотын Менлянь Дай, Лахү, Ва зэрэг үндэстний цөөнхийн нутгийн хүн ам нийт хүн амын 86.4 хувийг эзэлдэг. Энэ нь одоо "Хятад дахь авокадогийн бааз хот" болжээ. Менляний авокадо нь 2023 онд Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны үндэсний алдартай, чансаатай, шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хоёр дахь багцад сонгогдсон. Тус шяньд хөрөнгө оруулалт хийсэн тариачид жил бүр дунджаар 7000 орчим юанийн ногдол ашиг хүртдэг бөгөөд тухайн шянь жил бүр 3000 гаруй хүнийг орон нутагт нь ажилд оруулах боломжтой.

Өнгөрсөн жил Юньнань муж "Үндэстний бүлгүүдийн харилцаа холбоо, солилцоо, нэгдлийг ахиулах аялал жуулчлалын төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай санал дүгнэлт" -ийг боловсруулж, Юннаньд харилцаа холбоо, солилцооны хөгжлийг ахиулах шинэ хуудас нээжээ. Дарга Ши Жиньпиний ажилласан Тэнчүн хотын Симөлава тосгоны хөдөө тосгоны аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлснээр нэг хүнд ногдох цэвэр орлого нь 20 мянга орчим юаньд хүрчээ.

Давуу талыг ашиглаж, хөгжлийн суурийг баталгаажуулна

Өнгөрсөн оны сүүлчээр Чүшюн И үндэсний өөртөө засах жөүгийн Шуанбай шяны Байюй тосгонд гэрэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь 250 мегаватт суурилагдсан хүчин чадалтай. Барилга ашиглалтад орсны дараа жилийн эрчим хүчний үйлдвэрлэл 340 сая киловатт-цагт хүрэх төлөвтэй байна. Төсөлд гурван тосгоны иргэд оролцож байна.

Бүтээн байгуулалтын явцад фотоволтайк компаниуд эзгүй газар түрээсэлж, компаниудтай гэрээ байгуулан, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлж байна. Урьдчилсан тооцоогоор гэрэл цахилгаан станцын төсөл хэрэгжсний дараа тосгоны хамтын орлогыг жил бүр 31.8 сая юаниар нэмэгдүүлнэ. Эдгээр хөрөнгийг голчлон үйлдвэрийн хөрөнгө оруулалт, ногоон байгууламж, үзэсгэлэнт хөдөөгийн бүтээн байгуулалт, амьдрах орчныг сайжруулах, усны нөөцийн байгууламжийг сайжруулахад зарцуулна.

Энэхүү үйл хэрэг нь бусад орон нутгийн намын хороо, захиргаануудад тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх шинэлэг санаа өгсөн төдийгүй, Чүшюн жөүгийн нөөц ба экологийн давуу талдаа тулгуурлан шинэ чанарын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд шинэ хүчин чармайлт гаргаж буйн илэрхийлэл болж байна.

Чүшюн жөүтэй адил Юньнань мужийн үндэстний цөөнхийн өөртөө засах жөү мужийн намын хорооны "3815" стратегийн хөгжлийн зорилтод тууштай хандаж, нөөц баялгийн эдийн засаг, цэцэрлэгт хүрээлэнгийн эдийн засаг, боомтын эдийн засгийн эргэн тойронд эдийн засгийн шинэчлэлийг ахиулах гарцыг оновчтой олж, улмаар өөрсдийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэв.

2024 оны сүүлээр Дали хот аж үйлдвэрийн ололт амжилтыг аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгох, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулах өөрчлөлтийг хурдасгах, аж үйлдвэрийг сэргээх гол хөдөлгөх хүч гэж үзэж, шинэ эрчим хүчний батарей, цахиурын фотоволтайк, ногоон хөнгөн цагаан гинжин хэлхээг өргөтгөх, бэхжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, үйлдвэрлэлийн нэмүү өртөг тус тус 180 хувь, 184.4 хувь, 33.2 хувиар өссөн байна. Шишуанбанна жөүгийн эдийн засгийн хөгжил эрчимтэй хөгжиж байна. Тус жөү нь "Хүлэг шагнал"-ыг долоон сар дараалан хүртэж, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт нь түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Вэньшань жөүгийн "Ногоон хөнгөн цагаан хотхон" тус бүс нутагтаа хурдацтай хөгжиж, боомтын эдийн засаг байнга сайжирч, өргөжиж байна.

Улаан хөрст өндөрлөгт орчин үеийн аж үйлдвэрүүд газар тариаланг орлож, хилийн тосгонд цахим худалдаа нэвтэрч, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг дижитал эдийн засаг нь үндэстний цөөнхийн бүс нутгийг шинэчлэхэд шинэ түлхэц өгч байна.

 

Зохиогч: ИНЬ ЖЕ, ЛИ ВЭНЬШИ
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл