5-р сарын 7-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, ЗХУ-ын Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойн ёслолд оролцох үеэрээ “Оросын сонин”-д “Түүхийг тольдон, ирээдүйг хамтдаа бүтээе” гарчигтай гарын үсэг бүхий нийтлэл нийтэлжээ.
Ши Жиньпин нийтлэлдээ, 2025 он нь Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, ЗХУ-ын Аугаа эх орны дайн болон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ой, мөн НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэсэн байна. Тэр Оросын ард түмэнтэй хамт түүхээ дурсаж, баатруудаа хүндэтгэхээр төрийн айлчлал хийж байгаагаа дурдсан байна.
Ши Жиньпин Хятад, Оросын ард түмэн 80 жилийн өмнө фашизмыг эсэргүүцэн мөр зэрэгцэн тулалдсан агуу их нөхөрлөл нь өнөөг хүртэл үе дамжин үргэлжилж буйг тэмдэглээд, өнөөдөр хүн төрөлхтөн эв нэгдэл эсвэл сөргөлдөөн, хамтдаа хожих эсвэл зөрчилдөх эргэлзээт мөчид ирээд байна. Иймд дэлхийн хоёрдугаар дайны сургамжаас суралцаж, аливаа хэлбэрийн түрэмгийлэл, ганц талт үзлийг эсэргүүцэх шаардлагатай гэв.
Мөн энэ жил Тайвань Хятад улсын мэдэлд эргэн нэгтгэгдсэний 80 жилийн ой тохиож буйг дурдаж, Тайвань нь Хятадын салшгүй хэсэг бөгөөд "Каирын тунхаг", "Потсдамын тунхаг" зэрэг олон улсын эрх зүйн баримт бичиг болон НҮБ-ын 2758-р тогтоолоор баталгаажсан юм. Гаднын ямар ч хүчин зүйл, дотоодын ямар ч өөрчлөлтөөс үл хамааран Хятад улс заавал эх орноо нэгтгэнэ гэж мэдэгджээ.
Ши Жиньпин Хятад, Орос хоёр орон үндэсний язгуур ашиг сонирхлоо харилцан хүндэтгэн тууштай дэмжиж ирснийг онцолж, Оросын тал “нэг Хятад”-ын зарчмыг баримтлан, “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эрс эсэргүүцдэгт талархал илэрхийлсэн байна.
Эцэст нь тэрбээр Хятад, Орос хоёр орон бол дэлхийн тогтвортой байдал, олон улсын засаглалын шинэчлэлд чухал үүрэгтэй гүрнүүд гэдгийг цохон тэмдэглэж, гуравдагч этгээдэд чиглэхгүй, ямар ч нөлөөнд захирагддаггүй түншлэлийг улам бэхжүүлэхийг уриалжээ. Түүнчлэн хоёр орон хамтдаа бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалж, шударга ёс, энх тайван ирээдүйн төлөө хамтран ажиллахыг уриалсан байна.
