Бээжингийн цагаар 01-р сарын 07-ны өдрийн 9 цаг 05 минутад Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотын Динри сяньд 6.8 баллын хүчтэй газар хөдөлж, хүний амь эрсдэж, олон байшин барилга нурсан байна.
Газар хөдлөлтийн дараа Хятад улсын дарга Ши Жиньпин гамшгийн байдалд ихээхэн анхаарал хандуулж, чухал заавар өгчээ. Бүх хүчээ дайчлан эрэн хайх, аврах, бэртсэн хүмүүсийг эмчлэх, хохирлыг хамгийн доод хэмжээнд тогтоон барих, дахин гамшиг үүсэхээс урьдчилан сэргийлж, гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, арын ажлыг зохицуулах зэрэг гамшгаас авран туслах ажлуудыг сайтар хийхийг зааварчилжээ. Мөн газар хөдлөлтийн хяналт, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлж, аврах ажиллагааны эд материалыг цаг тухайд нь гаргаж, эвдэрч сүйрсэн дэд бүтцийг яаралтай засварлаж, ард иргэдийн наад захын амьдралыг зохицуулж, аюулгүй, дулаан өвөлжих ажлыг баталгаажуулахыг үүрэг болгожээ.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн гамшгийн нөхцөл байдал, эндэж бэртсэн хүмүүсийг аль болох хурдан тодруулж, ажлын хэсэг зохион байгуулж, газар дээр нь аврах ажиллагаанд оролцохыг үүрэг болгожээ. Түүнчлэн газар хөдлөлтийн хяналтын ажлыг эрчимжүүлж, гамшиг дахин үүсэхээс урьдчилан сэргийлж, хохирлыг аль болох багасгахын тулд чадах бүхнээ хийхийг онцолсон байна.
Ши Жиньпин, Ли Чяний тушаалын дагуу, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гөүчин холбогдох салбарын хариуцлагатан нарын хамт гамшгийн газар дээр нь хүрч, аврах ажиллагааг удирдан зохицуулж байна.
