solongonews
Д.Амарбаясгалан: - Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулна
2025-03-31 10:10
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжигийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийлээ. Жао Лэжи 02 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш Ардын Их Хурлын ордонд Д.Амарбаясгалантай албан ёсны уулзалт хийсэн байна.

Уулзалтын үеэр Жао Лэжи:

- Хятад, Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор тогтвортой, эрүүл хөгжлийн нөхцөл байдлаа хадгалж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа ганзага дүүрэн байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар харилцан мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлэн, уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд  Хятадын тал бэлэн байгаа бөгөөд Хятад, Монголын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтаар удирдамж болгож, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хамтдаа ахиулахад бэлэн байна гэв.

Тэрээр мөн: Хятад, Монгол хоёр орны урт хугацааны тогтвортой найрамдалт харилцааг хөгжүүлэх нь хоёр талын стратегийн нийтлэг сонголт бөгөөд энэ нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцдэг. Хоёр улс тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхийн зэрэгцээ үндсэн ашиг сонирхол, анхаарал тавьж буй асуудлуудаа харилцан ойлгон дэмжиж, хоёр ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх ёстойг онцолсон бөгөөд Монгол Улс нэг Хятад улсын зарчмыг тууштай баримталж, Тайвань, Төвд, Шиньжян, Хонконгтой холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг тууштай дэмждэгт талархаж буйгаа илэрхийлжээ. Мөн хоёр улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эрчим хүч, ашигт малтмал, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг уламжлалт салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээс гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагаанд шинэ амжилт гаргахыг Жао Лэжи хүссэн байна. Үүнээс гадна, түүхээр сургамж болгож, энх тайван хөгжлийг хамтдаа бүтээн, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамгаалан, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхол ба олон улсын шударга ёсыг сахин хамгаалах ёстойг Жао Лэжи цохон тэмдэглэсэн байна.

БХАТИХ нь урт хугацааны турш Монгол Улсын Их Хуралтай эерэг харилцаатай байсаар ирсэн юм. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, түүний тусгай хороод, хилийн найрсаг ажлын хэсгүүд, ардын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүд, орон нутгийн хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Жао Лэжи илэрхийлсэн бөгөөд засаглалын туршлага солилцох, шинэчлэл нээлт, эрчим хүчний хувьсгал, иргэдийн амьжиргааг сайжруулах, бүс нутгийн хөгжил, бизнесийн орчин зэрэг салбар дахь хууль тогтоох туршлагаа солилцож, харилцан суралцах нь хоёр орны хөгжил, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ашигтай болохыг дурдсан байна.

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган зохион байгуулагдахад бэлэн болсонтой холбогдуулан Жао Лэжи мөн АТИХ-ын тогтолцооны талаар танилцуулав.

Д.Амарбаясгалан хэлэхдээ: Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталсаар ирсэн бөгөөд хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, тэр дундаа зам тээвэр, боомтын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх саналаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурал нь БХАТИХ-тай найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, Парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг бэхжүүлэн, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

БНХАУ-ын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 02-р сарын 26-ны өдөр Бээжин хотноо Монгол Улсын Их Хурлын дарга Б.Амарбаясгалантай уулзав.

Ван Хүнин хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин,  ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн удирдлага дор Хятад, Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрсээр байгаа нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсэн. Хоёр орны удирдагчдын тохиролцсон  нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, хоёр талын харилцааг хөгжүүлэх улс төрийн үндэс суурийг хамгаалах,  Хятад Монголын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахаар хамтдаа хүчин зүтгэхэд Хятадын тал бэлэн байна. БНХАУ-ын УТЗЗ нь мөн Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Д.Амарбаясгалан хэлэхдээ: Монгол, Хятад хоёр орон нь мөнхийн хөрш, сайн анд, сайн түнш бөгөөд Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга зэрэг томоохон санаачилгуудыг дэмжиж, Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна гэв.

ХКН-ын Төв Хорооны гадаадтай холбоо барих хэлтсийн дарга Лю Жяньчао 02-р сарын 26-ны өдөр Бээжин хотноо Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай уулзав.

Лю Жяньчао хэлэхдээ: дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн удирдлага дор Хятад, Монгол хоёр орны харилцаа эерэг хөгжлөө баталсаар ирсэн. Хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлэн, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр Хятадын тал Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Өөрчлөлт хувиралт ихтэй өнөөгийн цаг эринд иж бүрэн стратегийн түнш, чухал хөрш болох Хятад, Монгол хоёр орон нь хоёр тал болон олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.

Лю Жяньчао мөн үзэл бодлоо солилцож, стратегийн харилцаа холбоо тогтоох нь чухал болохыг онцлов. Тэрээр хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн намууд нягт харилцаатай байгаа нь хоёр орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад, Монголын харилцааны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж байгаа юм. ХКН Монголын улс төрийн намуудтай харилцаа холбоогоо эрчимжүүлж, нам ба төрийн засаглалын туршлагаа солилцон, намууд хоорондын бодит хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ. Түүнчлэн залуу үеийнхний харилцаа холбоог дэмжиж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, хоёр орны харилцаан дахь иргэдийн үзэл санааны үндэс суурийг бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Д.Амарбаясгалан хэлэхдээ: Монгол, Хятад хоёр улс нь уул усаараа залгалдсан мөнхийн хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түншүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор Монгол, Хятадын олон салбарын хамтын ажиллагаа бүрэн хэмжээнд үр дүнтэй ахин дэвшсэн. Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиглэлийн нэг бөгөөд Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталдаг. Монгол Улс Хятад улстай засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн намууд зэрэг бүх түвшинд нягт харилцаж, худалдаа эдийн засаг, боомт, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр мөн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Монголын улс төрийн таван том намын төлөөлөл багтаж байгаа бөгөөд Хятад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талд Монголын бүх улс төрийн намууд санал нэгтэй байгааг цохон тэмдэглэж, ХКН-тай харилцаа холбоогоо цаашид бэхжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл