Хятад улсын дарга Ши Жиньпин 31-нд Бээжин хотноо Ардын Их Хурлын Танхимд Бельгийн ерөнхий сайд Чарлес Мичелтэй уулзсан байна.

Дарга Ши Жиньпин: - Энэ онд Хятад, Бельгийн дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож, хоёр орны харилцааны хөгжилд түүхийн шинэ боломж нээгдэв. Хоёр тал өнгөрснөө дүгнэж, шинийг бүтээж, Хятад, Бельгийн улам эрчтэй, тогтвортой, иж бүрэн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд цуцалтгүй хүчин зүтгэл гаргах ёстой гэжээ.
Мөн тэрээр, Бельги нэг Хятадын бодлого баримталж байгааг Хятад улс дээд хэмжээнд сайшааж байна. Хоёр тал өөр өөрийн давуу талаа уялдуулан тэргүүний үйлдвэр, шинэ эрчим хүч, экологи, орчин үеийн үйлчилгээний ажил төрөл зэрэг салбарыг чухал байранд тавьж хөгжүүлэх боломжтой. Бельги улс "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын аз боломжийг ашиглан, Хятад Европ, Ази Европын ложистикийн аж үйлдвэрийн хөгжил болон хил дамнасан цахим бизнесийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Чарлес Мичел: - Бельги, Хятадын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр Хятад улсад айлчилж байгаадаа их баяртай байна. Дарга Ши Жинпин 2014 онд Бельгид төрийн айлчлал хийсэн ба хаан Филип ноднин жил Хятад улсад хариу айлчлал хийснээр хоёр орны харилцаа асар түргэн хөгжсөн. Бельги Хятадын эдийн засаг худалдаа, соёлын харилцаа таатай өрнөж байна. Хятад улстай хууль зүй, хөрөнгө оруулалт, иновац, агаарын тээвэр, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, дэд бүтэц болон "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
