solongonews
Ли Чян Малайзын Ерөнхий сайдтай уулзав
2025-05-27 10:01
Ли Чян Малайзын Ерөнхий сайдтай уулзав

Хятадын Ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 26-ны өдөр Куала Лампурын хурлын төвд Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзав.

Ли Чян:

- Өнгөрсөн сард Ши Жиньпин дарга Малайзад төрийн айлчлал хийсэн. Хоёр тал Хятад, Малайзын дээд түвшний стратегийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар тохиролцож, хоёр орны харилцааны хөгжлийн стратегийн чиглэлийг төлөвлөв. Малайзтай дээд зиндааны нягт харилцаагаа хадгалж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцын улс төрийн харилцан итгэлцлийн бат бэх суурийг бий болгоход Хятад улс бэлэн байна. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг хамтын ажиллагааны цар хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлж, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт салбарт анхаарлаа хандуулж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээний нэгдмэл хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Мөн "Хоёр орон, хоёр парк", зүүн эргийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг тууштай ахиулж, Хятад Малайзын хувь заяаны нэгдмэл цогцын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр хүчнийг бэхжүүлнэ. Малайзын талтай харилцан визгүй зорчих хэлэлцээрийг хэрэгжүүлж, соёл, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг салбар дахь иргэдийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцтой ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал мөн "Күнз-Исламын соёл иргэншлийн яриа хэлэлцээ" зэрэг арга хэмжээг сайтар зохион байгуулж, хоёр орон, цаашлаад бүс нутгийн соёл иргэншлийн солилцооны тавцанг хамтран байгуулах ёстой юм гэж онцоллоо. 

Ли Чян цааш нь үргэлжлүүлэн:

- Ганц талт үзэл, худалдааны ивээх үзлийн хандлага газар авч, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсаар байна. Хятад, АСЕАН, Персийн булангийн Арабын хамтын ажиллагааны зөвлөлийн орнууд нь эдийн засгийн даяаршлын оролцогч, ашиг хүртэгчдийн хувьд зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нээлттэй бүс нутаг, шударга олон талт үзлийг хамтдаа дэмжих ёстой.

Анвар:

- Хятад улс бол Малайзын сайн хөрш, сайн түнш юм. Ши Жиньпин даргын өнгөрсөн сард Малайзад хийсэн түүхэн айлчлал маш амжилттай болсон. Хятад улстай хамтран ажиллаж, айлчлалын чухал үр дүнг тууштай хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхэд Малайз бэлэн байна. Малайз улс олон талт үзлийг дэмжиж, Хятад улсын “Номхон далай дамнасан түншлэлийн харилцааны иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр”-т нэгдэн орохыг дэмжиж байна. АСЕАН-Хятад- Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний анхдугаар уулзалтын үр дүнг цаашид ахиулахын тулд Малайз, Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл