
Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 16-ны үдээс хойш Путражая дахь Ерөнхий сайдын ордонд Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахимтай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин дарга:
- Хятад, Малайзын уламжлалт найрамдал олон мянган жилийн түүхтэй. Хоёр орны найрамдал өнө удаан жилийн түүхэн явцад хөгжиж, харилцан ашигтай байдал цаашид бэхжин, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж ирсэн. Мөн хоёр орны ард түмний хэлхээ холбоо улам нягтарч, шударга ёсыг эрхэмлэн, энх тайвныг эрхэмлэн дээдэлж, нөхөрлөлийг эрэлхийлэх нийтлэг үнэ цэнийг бий болгож, хоёр орны ард түмний түүхэн оюун ухаан, эр зоригийг илэрхийлэн, хоёр орны нийтлэг, өв баялгийг харуулсан юм. Өнгөрсөн онд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Хятад, Малайзын харилцаа сүүлийн 50 жилийн хугацаанд баялаг үр дүнд хүрлээ. Ирэх 50 жилд хоёр тал цаг үеийн тэргүүн эгнээнд зогсож, стратегийн өндөр түвшний Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээн, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулах болно.

Дарга Ши Жиньпин стратегийн өндөр түвшний Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах тал дээр гурван санал дэвшүүлэв.
Нэг. Стратегийн бие даасан байдлыг баримталж, стратегийн өндөр түвшинд хамтын ажиллагаа явуулах.
Хоёр. Хөгжлийн хүчин чармайлтыг нэгтгэж, өндөр чанартай хөгжлийн хамтын ажиллагааны жишиг бий болгох.
Гурав. Найрамдлаа үеийн үед өвлөн уламжилж, соёл иргэншлийн солилцоо, харилцан гүнзгий суралцах болно.
Ши Жиньпин дарга:
- Малайз улс энэ оны АСЕАН-ы уриаг "Хүртээмжтэй тогтвортой байдал" хэмээн тогтоосон нь өнөөгийн нөхцөл байдлын талаарх гүн гүнзгий ойлголтыг илэрхийлж байна. Хятад улс Малайзыг АСЕАН-ы ээлжит дарга орны үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна. Мөн бүс нутгийн орнуудтай хамтран Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийг шинэчлэх протоколд аль болох хурдан гарын үсэг зурахад бэлэн байна.

Анвар Ибрахим Ши Жиньпин даргын Малайзад хийсэн айлчлалыг халуун дотноор хүлээн авч, Малайзад урт хугацааны турш чин сэтгэлээсээ тусалж, зовлон жаргалаа хамтатган, Малайзын найдвартай анд байсаар ирсэн Хятад улсад баярлаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Ши Жиньпин дарга Хятад улсыг хөгжлийн их амжилтад хүргэж, Хятадын ард түмнийг ядуурлаас гаргаж, соёл иргэншлийн хамтын хөгжил цэцэглэлт, харилцан суралцахыг санаачилсан өнөөгийн дэлхийн шилдэг удирдагч юм. Малайзын ард түмэн Хятад болон Ши Жиньпин дарга таныг маш бишрэн хүндэлдэг. Ши Жиньпин даргын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дээд амжилт тогтоосон үр дүнд хүрсэн нь Малайзын хувьд маш чухал ач холбогдолтой бөгөөд Малайзын талд маш их урам зориг өглөө. Малайз улс АСЕАН-ы ээлжит дарга орон бөгөөд АСЕАН-Хятадын харилцааны зохицуулагчийн хувьд АСЕАН-Хятадын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах болно гэж онцолжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид Дэлхий гурван том санаачлагын хамтын ажиллагаа, "Күнз ба Исламын соёл иргэншлийн яриа хэлэлцээ", дижитал эдийн засаг, үйлчилгээний худалдаа, "Хоёр орон, хоёр парк"-ын дэвшилтэт хөгжил, хамтарсан лаборатори, хиймэл оюун ухаан, төмөр зам, оюуны өмчийн эрх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох, харилцан визгүй зорчих, аварга пандаг хамгаалах зэрэг Хятад, Малайз хоёр талын хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичиг солилцох арга хэмжээнд хамт оролцсон байна. Хоёр тал бас "Стратегийн өндөр түвшний Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах тухай хамтарсан мэдэгдэл" нийтэллээ.
