
Матео Ренци ерөнхий сайд гэргийн хамт Ромоос Сардини арлыг зорин ирж уулзсан явдалд Ши Жиньпин талархаж, саяхны газар хөдлөлтийн гамшигт өртсөн Италийн иргэдийн өмнөөс чин сэтгэлээсээ харуусаж байгаагаа илэрхийлж, Италичууд хүнд бэрхшээлийг ялан давж, орон гэрээ хурдан хугацаанд сэргээн босгохыг ерөөв.
Ши Жиньпин хэлэхдээ: - Итали бол Европын Холбоон дахь Хятадын итгэлтэй сайн нөхөр бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад, Италийн бүх талын стратегийн харилцааны хөгжлийн байдал өөдрөг байгаа. Хятад, Италийн харилцааг Хятадын тал маш чухалчилж, Италийн талтай хамтдаа хичээж, Хятад, Италийн бүх талын стратегийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр ард түмэнд улам их аз жаргал авч ирэхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин мөн цохон тэмдэглэхдээ, "Европын Холбоо бол дэлхийн чухал туйл, Хятадын бүх талын стратегийн түнш юм. Одоо Европын байдалд чухал өөрчлөлт гарч байна. Хөгжин цэцэглэсэн, тогтвортой Европыг Хятадын тал дэмжинэ. Итали идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын харилцааны урт хугацаатай тогтвортой, эрүүл хөгжлийг урагшлуулахыг хүсэж байна" гэжээ.
Ши Жиньпин дарга ХКН-ын XVIII удаагийн VI бүгд хуралдааны байдлыг түүнд танилцуулав.
Матео Ренци хэлэхдээ: - Хятадын хөгжлийн амжилтыг Италийн тал өндрөөр үнэлж байна. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятадын талтай эдийн засаг худалдаа, эрчим хүч, инноваци, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд аз жаргал авч ирэхэд бэлэн байна гэжээ.
