solongonews
Жао Лэжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай хэлэлцээ хийв
2025-02-26 09:44
Жао Лэжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай хэлэлцээ хийв

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 02-р сарын 25-ны өдрийн үдээс хойш Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай хэлэлцээ хийв.

Жао Лэжи:

- Хятад, Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд төрийн тэргүүн нарын стратегийн удирдамж дор тогтвортой, эрүүл хөгжлийн чиг баримжаагаа хадгалж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Өнгөрсөн жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар харилцан мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Монгол Улстай хамтран төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж хэлэв.

Жао Лэжи мөн:

- Хятад, Монгол хоёр улсын урт хугацааны тогтвортой найрамдалт харилцааг хөгжүүлэх нь хоёр талын стратегийн сонголт бөгөөд ард түмнүүдийн язгуур эрх ашигт нийцдэг. Иймд хоёр улс тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхийн зэрэгцээ харилцан чухалчлан үздэг асуудлуудаа ойлгон дэмжих ёстойг Жао Лэжи онцлов. Тэрбээр Монгол Улс "Нэг Хятад" зарчмыг тууштай баримталж, Тайвань, Төвөд, Шиньжян, Хонконгтой холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмжиж буйд талархаж байна. Хоёр улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц зэрэг уламжлалт салбаруудаас гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллах болно. Үүнээс гадна энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамгаалах, олон улсын шударга ёсыг сахин хамгаалах чиглэлээр хамтран ажиллах ёстой гэж хэллээ.

Жао Лэжи:

- БХАТИХ нь Монгол Улсын Их Хуралтай тогтвортой, найрсаг харилцаа өрнүүлж ирсэн юм. Хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэх, тусгай хороод, хоёр талын найрсаг ажлын хэсгүүд, ардын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүд, орон нутгийн хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн засаглалын туршлага солилцох, эдийн засгийн шинэчлэл, эрчим хүчний хувьсгал, иргэдийн амьжиргаа, бүс нутгийн хөгжил, бизнесийн орчны сайжруулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж хэлэв.

Д.Амарбаясгалан:

- Монгол Улс "Нэг Хятад" зарчмыг тууштай баримталсаар ирсэн бөгөөд хоёр улсын хөгжлийн стратегийн уялдаа холбоог нэмэгдүүлэх, зам тээвэр, хилийн боомт, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахилгаан автомашин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн Монгол Улсын Их Хурал БХАТИХ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллагууд хоорондын тогтмол солилцооны механизмыг бэхжүүлэн, Монгол, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг ахиулахад бэлэн байна гэж хэллээ. 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл