solongonews
Ши Жиньпин даргын Тусгай элч Папуа Шинэ Гвинейн тусгаар тогтнолын 50 жилийн ойд оролцов
2025-09-19 15:15
Ши Жиньпин даргын Тусгай элч Папуа Шинэ Гвинейн тусгаар тогтнолын 50 жилийн ойд оролцов.

Орон нутгийн цагаар 09-р сарын 15-наас 17-ны өдрүүдэд Папуа Шинэ Гвинейн Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю Ши Жиньпин даргын Тусгай элчийн хувиар тус улсын нийслэл Порт-Морсби хотод зохион байгуулагдсан тусгаар тогтнолын 50 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

Арга хэмжээний үеэр Папуа Шинэ Гвинейн Амбан захирагч Боб Дадае, Ерөнхий сайд Жеймс Марапэ нар Хуан Рүньчютай тус тус уулзлаа.

Хуан Рүньчю уулзалтын үеэр юуны өмнө Ши Жиньпин дарга, Ли Чян Ерөнхий сайдын дотнын мэндчилгээг уламжилж, Папуа Шинэ Гвинейн ард түмэнд тусгаар тогтнолын 50 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Тэрээр "Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 49 жилийн хугацаанд хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, олон салбарт хамтын ажиллагаа үр дүнтэй өрнөж ирснийг тэмдэглэв. Ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь зүйтэй" гэдгийг мөн дурджээ.

Папуа Шинэ Гвинейн зүгээс Ши Жиньпин дарга тусгай элч томилон оролцуулсанд гүн талархал илэрхийлж, сүүлийн 50 жилийн турш Хятадтай харилцаагаа дээд зэргээр чухалчилж ирснээ мэдэгдэв. " Бид "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн Хятад улс олон жилийн турш Папуа Шинэ Гвинейн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй тусламж үзүүлж ирсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд, цаашид олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжийг авчрахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна"гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл