Ши Жиньпин баярын захиандаа, Хятадын засгийн газар болон ард иргэдийн нэрийн өмнөөс ерөнхийлөгч Путин болон ОХУ-ын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлөө дэвшүүлсэн байна. Ши Жиньпин, 2016 онд хоёр тал "БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулагдсаны 15 жилийн ой болон БНХАУ, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх боломжийг ашиглан, хоёр орон хоёр ард түмийн үе дамжин уламжилсан найрсаг үзэл ойлголтоор олон салбарын солилцоо хамтын ажиллагаа, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа чангатгаж, хоёр орны харилцааг шинэ амжилтад хүргэсэн гэж тэмдэглэжээ.
Ши Жиньпин цааш нь тэмдэглэхдээ, БНХАУ, ОХУ-ын стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа бол бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, хөгжил, тогтвортой байдлыгдэмжих чухал хүчин юм. Шинэ онд би тантай гар холбон зүтгэж, хоёр талын дээд давхаргын нягт харилцааг ахиулж, стратеги, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцооны оны арга хэмжээг сайтар зохион байгуулж, олон улсын үйл хэрэг дэх стратегийн хамтын ажиллагааг улам чангатгаж, хоёр орны харилцааг тогтвортой, үргэлжлэн, дээд түвшинд хөгжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг хүртээхэд бэлэн байна гэжээ.
Путин баярын захиандаа дарга Ши Жиньпинд шинэ он, сар шинийн мэнд хүргэж, нийт Хятадын ард түмэнд аз жаргал хүссэн байна. Тэрээр, 2016 онд ОХУ, БНХАУ өнгөрсөнтэй адил үр ашигтай хамтран ажиллалаа. Хоёр тал "ОХУ, БНХАУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ"-г хэрэгжүүлэх 3-р хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн болон бүс нутгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд үр ашигтай хамтран ажиллажээ. Ирэх жилд ОХУ, БНХАУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа улам хөгжиж, хоёр иргэдэд үр өгөөж хүртээн, олон улсын аюулгүй байдал болон тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад итгэн найдаж байна гэжээ.
