
Лю Юньшань эн тэргүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ши Жиньпин даргын дотно мэндчилгээ, сайн сайхан ерөөлийг дамжлуулаа.
Лю Юньшань: - Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад айлчлах үеэрээ ерөнхийлөгч тантай чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талт харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлж, Хятад, Монголын харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргасан билээ. Энэхүү сайн сайхан төлөв байдлыг хоёр тал хамтдаа сайтар хамгаалууштай юм. Би энэ удаад урилгаар Монгол Улсад айлчилж байгаагийн гол зорилго бол хоёр талын удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, ойлголцлоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа ахиулж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагш ахиулахад байгаа юм гэв.
Мөн Хятад, Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх явдлыг дипломат харилцааныхаа чухал байранд тавьж байна. Харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэх нь Хятад, Монголын харилцаа эрүүл, тогтвортой хөгжих улс төрийн үндэс суурь юм. Хятадын тал, Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, Тайвань, Төвд, Шиньжян зэрэг асуудалд Монголын талын урт удаан хугацааны турш баримталсаар ирсэн зөв байр суурийг сайшааж байна. Цаашид хоёр тал улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, зам харилцаа, дэд бүтцийн түншлэл, боомтын бүтээн байгуулалт, үйлдвэрлэх хүч, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа урагшлуулж, томоохон чухал төслүүдийг хүч хамтран хэрэгжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудалд үргэлжлэн нягт зөвшилцөн хамтран ажиллаж, хамтын ашиг тусаа хамгаалахыг хүсэж байна. Монголын талтай НҮБ зэрэг конвенцын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байгаа бөгөөд Монголын тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг дэмжих болно гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Эрх тэгш харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой байх зарчмын дагуу Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Сүүлийн жилүүдэд миний бие Ши Жиньпин даргатай олон удаа уулзаж, Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэх талаар нягт харилцаа холбоотой ирсэн юм. Ли Кэчян ерөнхий сайд болон та Монгол Улсад айлчлан, Монголын ард түмэнд, Хятадын тал Монгол, Хятадын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж буйг гүнээ ойлгуулж, хоёр талт харилцааны хөгжлийг эрчимтэй урагшлууллаа. Монголын тал цаашид Хятад улстай найрсгаар харилцах бодлогоо гуйвшгүй хэрэгжүүлж, Монгол, Хятадын улс төрийн итгэлцэл, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн, Монгол, Хятадын харилцаа тасралтгүй урагш хөгжиж, хоёр орны ард түмэнд ашиг тус хүртээх болно гэжээ.
