Сахарын элсэн цөлийн өмнөд захад бүгчим халуун болж, элс манхаар шуурна. Өргөн уудам элсэн далайд ногоон өнгө эрч хүчийг харуулдаг. Элсний тэгшхэн довцог дээр жимсний мод, ногооны суулгац хөхрөн ургаж мөн хар хөх өнгийн нарны хавтангуудыг, усалгааны системийг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангахын тулд маш нарийн зохион байгуулалттай төлөвлөжээ. Энэ бол "Хятад-Африкийн ногоон технологийн парк"-ийн Мавританийн үлгэр жишээ төслийн талбай юм. Төслийн Мавританийн талын зохицуулагч Турад Майдү Синьхуа агентлагийн сурвалжлагчид хандан:
- Төсөл хэрэгжсэнээс хойш бүс нутгийн салхи, элсийг үр дүнтэйгээр хязгаарлаж, Хятад улстай хамтран ажилласнаар цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх шинэ боломж олгосон гэж хэллээ. Өргөн уудам элсэн дунд экологийн ногоон бүрд байгуулах нь дэлхийн ногоон хөгжлийг дэмжих Хятадын санаа, шийдлийн тод дүрслэл юм.
Идэвхтэй туршлага нь олон орны ногоон хөгжлийн замаар явах итгэлийг гүнзгийрүүлнэ
Африк залуу Турад Майдү, Хэдэн сарын өмнө энэ газар ширүүн салхитай эзгүй газар байсан. Одоо харин хүнсний ногоогоо түрүүчээс нь хурааж авлаа гэж баяр хөөртэйгөөр ярьж байлаа. Тэрээр Хятадын Хунань их сургуульд суралцаж байсан мөртөө эх орондоо буцаж ирснийхээ дараа Мавританийн Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яаманд ажиллаж, Хятадтай хамтран экологийн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд оролцсон юм. Одоо тэрээр Сахарын цөлийн өмнөд захаас бэлчээрийн бүс рүү шилжих шилжилтийн бүсийг шинжлэх ухааны судалгааны туршилт, олон нийтийн оролцоотойгоор экологийн нөхөн сэргээлтийн шийдлийг судлахад Хятадад туслах орон нутгийн багийг удирдаж байгаа юм.
Турад Майдү:
- Хятадаас сурсан дуслын усжуулалтын технологи, салхины хамгаалалт, элс бэхэлгээний системийн ачаар бид олон тооны жимсний мод тарьж, олон төрлийн хүнсний ногоо тариалан гайхалтай үр дүнд хүрсэн. Хамгийн гол нь нутгийн иргэд, ялангуяа залуучууд үүнд идэвхтэй оролцсоны зэрэгцээ олон хүн газар тариалангийн мэдлэг эзэмшиж, ажлын байртай болсон гэж хэлэв. Сахарын цөлийн өмнөд зүг рүү нүүхийг хориглохын тулд Мавританийг оролцуулсан Сахарын цөлийн 11 улс Африкийн "Ногоон цагаан хэрэм"-ийн төлөвлөгөөг боловсруулж, 15 км өргөн, 7000 гаруй км урт ойн хамгаалалтын бүсийг байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү үндэстэн дамнасан экологийн төслийн хүрээнд "Хятад, Африкийн ногоон технологийн парк"-ийн барилгын технологи, туршлагыг Хятадын "Ногоон цагаан хэрэм" буюу Умардын ойн хамгаалалтын бүс төслөөс санаа авч хэрэгжүүлсэн юм.
Хятадын дэлхийн ногоон хөгжилд тус дэм үзүүлэх төслүүд олон бүс нутагт үр өгөөжөө өгсөн. Үүнд Номхон далайн арлын орнуудад Хятад улсын “Өвсийг модоор орлуулах” технологийн сургалтын төсөл нь нутгийн олон хүнийг ядуурлаас ангижруулж, сайн сайхан амьдрахад тусалсан. Мөн Африк тивд Хятадаас эхлүүлсэн "Хуванцрыг хулсаар орлуулах" санаачилга нь хуванцрын бохирдлыг үр дүнтэй бууруулаад зогсохгүй нутгийн иргэдийн нүдэн дээр хулсыг "Ногоон алт" болголоо. Гэхдээ “Хөхөмдөг уул ус бол үнэт баялаг” гэсэн экологийн үзэл санааг улам бүр гүнзгийрүүлэн хүмүүс хүлээн зөвшөөрч, экологийн байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн хөгжил нь хоорондоо зөрчилддөггүй, харин диалектикийн хувьд нэгдмэл байдаг.
Мавританийн Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сайд Масуда Бархам Мохамед Рагдаф Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа:
- Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Хөхөмдөг уул ус бол үнэт баялаг" гэсэн үзэл баримтлал Хятадад гайхалтай үр дүнд хүрсэн байна. Нэгэн цагт экологийн хувьд доройтож байсан тэдгээр газрууд сэргээн засварласны дүнд хөгжил цэцэглэлтэд хүрснийг хараад Мавританид тогтвортой хөгжил бүхий ногоон эх орон байгуулах бүрэн боломжтой гэж бид үзэж байна гэж хэллээ.
Нээлттэй хамтын ажиллагааг баримталж, технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн өөрчлөлтийг дэмжинэ
Саудын Арабын хоёр дахь том хот болох Жиддагаас өмнө зүгт орших элсэн цөлд фотоволтайк хавтан нь наранцэцэг шиг байрлаж, 50 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг. Хятадын компаниудын барьсан "Алшубах" фото цахилгаан станц нь 35 жилийн дотор 545 сая шинэ мод тарьсантай тэнцэх хэмжээний хорт утааг бууруулах төлөвтэй байна. Энэ бол дэлхийн эрчим хүчний ногоон өөрчлөлтийн хамтын ажиллагааг ахиулах Хятадын төлөвлөгөөний нэг жишээ юм.
2020 оны 09-р сард Ши Жиньпин дарга НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганд "Хятад улс үндэсний бие даасан хувь нэмрээ нэмэгдүүлж, илүү хүчтэй бодлого, арга хэмжээ авч, 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн ялгаруулалтыг оргил үед нь хүргэж, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн ялгаруулахыг саармагжуулахыг хичээнэ гэж ёс төртэй зарлав.
Одоогийн байдлаар Хятад улсын усан цахилгаан станц, салхины эрчим хүч, нарны эрчим хүч үйлдвэрлэх, биомассаас эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж байна. Хятад улс дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн хурдацтай хөгжиж буй сэргээгдэх эрчим хүчний систем, дэлхийн хамгийн том, хамгийн бүрэн гүйцэд шинэ эрчим хүчний салбарын гинжин хэлхээг байгуулсан юм.
Мароккогийн Хятад, Африкийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Нассер Бушиба:
- Хятад улс дэлхийд дэвшилтэт технологи нэвтрүүлээд зогсохгүй дэлхийн тогтвортой хөгжлийн найдвар болж байна гэж хэллээ.
Хятад улс дэлхийн зах зээлд салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн 60 орчим хувь, фотоволтайк модулийн тоног төхөөрөмжийн 70 орчим хувийг хангаж байгааг тоо баримт харуулж байна. Зөвхөн 2023 онд Хятадын салхины эрчим хүч болон фотоволтайк бүтээгдэхүүн нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 810 сая тонноор бууруулахад бусад улс орнуудад тусалсан юм.
Зимбабвегийн эдийн засагч Брайанс Мушемва, Хятад улс хөгжиж буй ногоон эрчим хүчний аж үйлдвэр хөгжүүлж, ялангуяа хөгжиж буй орнуудад зориулан нарны хавтан зэрэг хямд үнэтэй ногоон эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Африк ихээхэн ашиг тус хүртлээ гэж үзэж байна.
Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн байгаль орчны засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжинэ
2025 онд Парисын хэлэлцээрийн 10 жил, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Дарга Ши Жиньпин Уур амьсгал, шударга шилжилтийн удирдагчдын видео уулзалтад:
- Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ удаашрахгүй, олон улсын хамтын ажиллагааг ахиулах хүчин чармайлт сулрахгүй, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулах практик нь зогсохгүй гэж хэлсэн юм.
Дэлхий нийтийн сайн сайхны төлөө бид амлалтаа биелүүлэх ёстой. Хятад улс олон улсын арга хэмжээнд цэвэр, үзэсгэлэнт сайхан ертөнц байгуулахыг олон удаа дэмжиж, нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлага хүлээх зарчмыг онцлон тэмдэглэсэн юм. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг бүрэн хэрэгжүүлж, "Хятадын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө"-г гаргахад манлайлан оролцож, Парисын хэлэлцээрийг байгуулж, хурдан хүчин төгөлдөр болоход түүхэн хувь нэмэр оруулсан байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Бүс ба Зам"-ын Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, "Бүс ба Зам" эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийг байгуулж, дэлхийн 40 гаруй орны 170 гаруй түнштэй "Бүс ба Зам" ногоон хөгжлийн олон улсын холбоог байгуулсан байна.
Камбожийн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Жү Бали:
- Дэлхийн уур амьсгалын засаглалын олон талт үйл явцад Хятад улс эерэг үүрэг гүйцэтгэж байгаад бид талархаж байна. Хятад улс цаг уурын засаглалын салбарт оруулсан нааштай хувь нэмрээс хөгжиж буй олон орон ашиг хүртэж байгаа юм. Олон жилийн турш Хятад улс шударга, үндэслэлтэй, хамтын ажиллагаатай, хамтдаа ашиг хүртэх дэлхийн байгаль орчны засаглалын тогтолцоог бий болгохын төлөө бодитой арга хэмжээ авч, эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны төлөө дэлхийн өмнөд нутгийн хүчийг нягтруулахыг эрмэлздэг гэж илэрхийллээ.
Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаралт багатай жагсаалтын бүсүүдийг байгуулж, нөлөөллийг бууруулах, дасан зохицох төслүүдийг хэрэгжүүлж, чадавхийг бэхжүүлэх солилцооны семинар зохион байгуулснаараа бусад хөгжиж буй орнууд, ялангуяа арлын жижиг орнууд, буурай хөгжилтэй орнууд болон Африкийн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад дэмжлэг үзүүлж байна.
Экологи, байгаль орчны сорилтуудын өмнө нийт хүн төрөлхтөн бол хамтдаа цэцэглэн хөгжих, зовлон жаргалаа хамтатгасан хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг юм. Ямар ч улс орон дангаараа оршин тогтнож чадахгүй. Хүн төрөлхтний ирээдүй, ард түмний сайн сайхны төлөө Хятад улс өөрийн мэргэн ухаанаа нэмэрлэж, хариуцлагатай ногоон хөгжлийг урагшлуулж, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг тогтвортой, урт удаан хугацаанд хөгжүүлэх болно.
