4-р сарын 29-ний өдрийн 12:25 цагт Хятадын Ляонин мужийн Ляо-Ян хотын Байта дүүргийн Саньлижуан нүүлгэн шилжүүлэлтийн байрны ойролцоох ресторанд гал түймэр гарчээ. 14:00 цагийн байдлаар ослын улмаас 22 хүн нас барж, 3 хүн гэмтсэн байна. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин үүнийг дээд хэмжээнд чухалчилж, чухал зааварчилгаа өгч, гал түймрийн улмаас олон хүний амь нас эрсэдэж, гүн сургамжийг үлдээв. Бид бэртсэн хүмүүсийг авран эмчлэхийн тулд чадах бүхнээ хийж, нас барсан хүмүүсийн хойдын ажил болон ар гэрийнхнийг нь тайвшруулах зэрэг ажлуудыг зүй зохистой зохицуулж, шалтгааныг нь аль болох хурдан олж тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй гэж онцлов.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, 5-р сарын 1-ний баяр амралт ойртож байгаа энэ үед аюулгүй байдлын томоохон ослоос тууштай сэргийлж, таслан зогсоож, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж, нийгмийн тогтвортой байдлыг хангах ёстой гэв.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян үүрэг даалгавар гаргаж, бэртэж гэмтсэн хүмүүсийг эрэн хайх, авран эмчлэх, нас барсан хүмүүсийн хойдын ажлыг зохистой зохицуулахын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Үүний зэрэгцээ ослын шалтгааныг түргэн шуурхай олж тогтоож, хуулийн дагуу хатуу хариуцлага нэхэмжилж, төрөл бүрийн томоохон ноцтой ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэв.
Онцгой байдлын яамнаас ослын газарт шуурхай ажлын хэсэг томилон ажиллаж байна. Ляонин муж болон Ляо-Ян хот аврах, зохицуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Одоогоор ослын газар дээр аврах, зохицуулах ажлууд хийгдэж байна.
