
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-ний өдөр Бээжингийн Ардын Их Хурлын танхимд Сан-Томе ба Принсипигийн Ерөнхий сайд Патрис Тровоадатай уулзсан байна.
Ши Жиньпин дарга "Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам зэрэг олон салбарын солилцоо болон хамтын ажиллагааг урагшлуулж, нэг нэгнийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа том чухал асуудлаар ойлгож дэмжих хэрэгтэй. Хоёр тал мөн ажил хэрэгч хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх хэрэгтэй. Сан-Томе ба Принсипид туслан үндэсний иж бүрэн хөгжлийн төлөвлөгөөг нь боловсронгуй болгож, аялал жуулчлал, загасны аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг гурван том салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, Сан-Томе ба Принсипигийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, боловсон хүчний нөөцийг нээх болон аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын хүчин чадавхийн байгуулалт зэрэг гурван тулгар салбарын байгуулалтад туслан, бие даасан тогтвортой хөгжлийг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал басхүү боловсрол, соёл, эрүүл мэнд, зөвлөх, хэвлэл мэдээлэл, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг салбаруудын солилцоогоо нэмэгдүүлж, иргэд хоорондын ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх хэрэгтэй. Сан-Томе ба Принсипитэй хамтдаа далайн дээрэмд цохилт өгөх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт цохилт өгөх зэрэг аюулгүйн салбарт солилцоогоо нэмэгдүүлж, НҮБ-ын 2030 хүртэлх тогтвортой хөгжлийн процедур, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, Африкийн энх тайван, хөгжил зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар зөвшилцөл, зохицуулалт хийхэд Хятад улс бэлэн" гэж илэрхийлсэн байна.
Патрис Тровоада: - "Сан-Томе ба Принсипи болон Хятадын ард түмний хооронд өнө удаан найрамдлын түүхтэй юм. Хятадын ард түмний харамгүй тусламж дэмжлэгийг Сан-Томе ба Принсипигийн ард түмэн мартаагүй. Хятад улстай харилцаагаа сэргээхийг Сан-Томе ба Принсипигийн дотоодод олон нийт маш идэвхтэй дэмжиж байна. Тиймээс Сан-Томе ба Принсипигийн Засгийн газар нэг Хятадын бодлогыг хэлбэрэлтгүй баримталж, Африкт чиглэсэн Хятад улсын үнэнч, дотнын бодлогыг өндрөөр үнэлж, харилцан хүндэтгэж харилцан итгэлцэх гэсэн үзэл баримтлалын дагуу өндөр дээд зиндааны хэлхээ холбоог нэмэгдүүлэх. Түүнчлэн эдийн засаг худалдаа, дэд бүтэц, аялал жуулчлал, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Африк, Хятадын уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэгт харилцан дэмжиж ажиллахад бэлэн байна гэж хэллээ.
