solongonews
Ли Кэчян Америкийн Ерөнхийлөгч Обаматай уулзав
2016-09-21 11:10
Ли Кэчян Америкийн Ерөнхийлөгч Обаматай уулзав.

        БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 19-нд Нью Йоркт Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, хоёр тал Хятад, Америкийн харилцаа, харилцан сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.

        Ли Кэчян юуны өмнө Ши Жиньпин даргын дотны мэндчилгээг Обамад дамжуулав. Тэрээр: Хятад, Америк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж, Олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл найдлага болж байна. Хятад улс Америктай хамт хоёр орон, түүнчлэн бүс нутаг, дэлхийн хэмжээний олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эдийн засаг худалдаа, цэрэг, эрх зүй, терроризмын эсрэг, интернэтийн аюулгүй байдал, хүмүүнлэгийн болон орон нутгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, Солонгосын хойг, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын асуудлаарх зохицуулалтыг эрчимжүүлж, Их 20-ийн удирдагчдын Ханжөүгийн дээд уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, Хятад, Америкийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг урагшлуулж, хоёр орны харилцааг тогтвортой, эрүүлээр хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэв.

        Ли Кэчян, Тайвань, Төвдийн асуудлаар Хятадын зарчимт байр суурийг дахин нотолж, холбогдох асуудлыг нухацтай шийдвэрлэхийг Америкт хүсэв.

        Ерөнхийлөгч Обама: Америк, Хятадын харилцаа тогтвортой байх нь хоёр орон болон дэлхийд маш чухал юм. Америк, Хятадын харилцаа эрчтэй тогтвортой хөгжихийг Америк хүсэж буй бөгөөд хоёр орон олон улс, бүс нутгийн асуудлаар хамтран ажиллаж буйг сайшааж байна гэв.

        Тэрээр: Эдийн засгийн харилцаа нь хоёр орны харилцааны тогтвортой хүчин зүйл юм. Америк, Хятад улсын өөрчлөлтийн үйл явцыг дэмжиж буй бөгөөд хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт нааштай ахиц гаргахыг хүсэж байна гэв.

Америкийн Засгийн газар нэг Хятад улсын бодлого баримтлахаа өөрчлөхгүй гэж Обама дахин нотлов.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : БНХАУ-ын Засгийн Газрын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл