Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф Исламабад 08-р сарын 21-нд хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав.
Шахбаз Шариф Ван И-д хандан Ши Жиньпин дарга болон Ерөнхий сайд Ли Чян нарт найрсаг сэтгэл, сайн сайхны ерөөл дэвшүүлэхийг хүсээд “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Тяньжиний дээд хэмжээний уулзалт, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохыг хүсэн хүлээж байна. Пакистан-Хятадын найрамдал нь өвөрмөц бөгөөд бүх салбар, түвшнийг хамарсан нөхөрлөл юм. Пакистан Хятад улстай хамтран Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын "Шинэчилсэн хувилбар 2.0"-ыг дэмжиж, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүчний нөөц, сансар болон агаарын судлал, мэдээллийн технологи, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Пакистаны эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Пакистанд байгаа Хятад хүмүүсийн аюулгүй байдлыг Пакистан улс чухалчлан үзэж, Хятадын иргэд болон төслийн аюулгүй байдлыг хангахын төлөө бүх хүчин чармайлтаа гаргах болно. Пакистан улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилгыг тууштай дэмжиж, олон талт үзлийг баримтлан, Пакистан-Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.
Ван И Хятадын удирдагчдын найрсаг мэндчилгээг уламжлан, Ерөнхий сайд Шабаззыг Хятадад тавтай айлчлахыг урив. Тэрээр:
- Хятад улс Пакистан болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүх гишүүн орнуудтай хамтран ажиллаж, "Шанхайн үзэл баримтлал"-ыг урагшлуулж, дээд хэмжээний уулзалтыг найрсаг, эв нэгдэлтэй, үр өгөөжтэй болгоход анхаарч байна. Мөн Хятад улс Дэлхийн II дайны үр дүнг хүндэтгэж, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахын төлөө тууштай зүтгэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг цогцлоохын төлөө хүчин чармайлт гаргаж буйгаа харуулж, “Түүхийг дурсах, үрэгдсэн баатруудаа хүндэтгэх, энх тайвныг эрхэмлэх, ирээдүйг бүтээе” уриан дор 09-р сарын 03-ны тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулах болно гэж хэлэв.
