Хятадын Гадаад харилцааны яам 08-р сарын 22-нд Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийнхэнд зориулж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэхүү уулзалт нь Хятад улсын хувьд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг 5 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд тус байгууллага байгуулагдсанаас хойших хамгийн өргөн хүрээтэй хурал уулзалт болох юм. Уулзалт Хятадын Тяньжинь хотод болох ба БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хайхэ мөрний эрэгт гадаадын 20 гаруй удирдагч, олон улсын 10 гаруй байгууллагын тэргүүн нартай хамт оролцоно.
Хятадын Гадаад харилцааны сайдын туслах Лю Биний мэдээлснээр, Ши Жиньпин дарга ШХАБ-ын гишүүн орны удирдагчидтай хамтран "Тяньжиний тунхаг"-т гарын үсэг зурж, батлах; ШХАБ-ын ирээдүйн 10 жилийн хөгжлийн стратегийг батлах; Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жил, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргах; мөн ШХАБ-ын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон аюулгүй байдал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай цуврал баримт бичгүүдийг батлах болно.
Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож буй удирдагчид болон олон улсын байгууллагын тэргүүнүүдэд зориулан хүндэтгэлийн зоог барих бөгөөд хоёр талт уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.
