Ши Жиньпин дарга:
- Энэ жил Хятад, Герман хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд гүнзгий эрчимтэй хөгжиж байна. Хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа шинэ шатанд хүргэхийг Хятадын тал хүсэж байна. Дэлхийн томоохон эдийн засгийн цогц болон даяарчлалыг дэмжигч орон болсны хувьд хоёр улс холбогдох талуудыг дайчлан нээлттэй эдийн засгийн орчныг хамтдаа хөгжүүлж, олон талд худалдаа эдийн засгийн дүрэм ба байгууламжийн үр ашиг, эрх үүргийг хамгаалах хэрэгтэй. Хоёр орон хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь аль алиндаа ашигтай. Цаашлаад Хятад болон Европын холбооны харилцааг эрчимжүүлэхэд ч ач тустай. Хятадын тал нээлттэй, хамтран ажиллах, хамтдаа хөгжих гадаад бодлогыг хөгжүүлэх тал дээр Герман улстай санал нэг байна гэж хэллээ.
Тэрээр мөн үргэлжүүлэн:
- Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа бол Хятад, Герман хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Худалдаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлоо эрчимжүүлж, хоёр орны өндөр түвшний санхүү эдийн засгийн яриа хэлэлцээр, нийгэм соёлын харилцаа, аюулгүй байдлын ойлголцол зэрэг тогтолцоог зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга онцлохдоо:
- Европын орнуудын интегралчлалын хөгжлийг Хятадын тал дэмжиж байна. Хятад, Европын холбоо стратегийн өндөр төвшинд холын хараатай хамтран ажиллаж, энх тайван, дэвшилттэй, шинийг эрэлхийлсэн, соёлтой түншлэлийг бий болгож, энх тайван, нээлттэй, багтаамжтай, цэцэглэн хөгжсөн дэлхий нийтийн орчныг хамтдаа байгуулах хэрэгтэй юм гэж хэлэв.
Ангела Меркель:
- Хоёр орны харилцаа өнөөгийн байдлаар өргөн цар хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Энэ жилийн 1-р сард болсон Давосын дэлхийн эдийн засгийн форум дээр Ши Жиньпин даргын хэлсэн үгийг Германы тал өндрөөр үнэлж, "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" бодлогыг дэмжиж байна. Мөн Хятадын тал Хорийн бүлгийн удирдагч нарын Гамбург хотын дээд уулзалтыг дэмжсэнд баяртай байна. Германы тал Хятадын талтай дээд зиндааны харилцаагаа улам сайжруулан, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн нийгэм соёлын солилцоогоо хөгжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийг хүсэж байна. Европын холбоо болон Хятадын харилцааны цаашдын хөгжилд бид ач холбогдол өгөхөд бэлэн байна гэж хэлсэн юм.
