
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 06-р сарын 26-ны үдээс өмнө Бээжин хотноо Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Захирлуудын зөвлөлийн 10 дахь удаагийн хурлын нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Ли Чян:
- Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-ийг байгуулах үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус байгууллагыг мэргэжлийн, өндөр үр ашигтай, ил тод, шударга, олон талт хамтын ажиллагааны үлгэр жишээ болгон хөгжүүлэх санаачилга дэвшүүлж байсан. Арван жилийн турш гишүүн орнуудын хамтын хүчин чармайлтаар тус банк анхны зорилгоо хэрэгжүүлж, шинэчлэл, хөгжлийг бий болгосоор ирлээ. Анх 57 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 110 гишүүн оронтой болтлоо өргөжсөн байна. Тус банк нь гишүүн орнуудын хөгжлийг дэмжиж, дэлхийн банк санхүүгийн засаглалын шинэ загварыг бий болгож, олон улсын олон талт хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм.
Ли Чян:
- Хятадын эдийн засаг энэ онд гадаад орчны нөлөөнд өртсөн ч өсөлтийн хандлагаа хадгалсаар байна. Хятадын асар том зах зээл нь дэлхийн улс орнуудад худалдааны томоохон боломжийг үргэлжлүүлэн олгож байна. Хятад улс өндөр түвшний нээлттэй бодлогоо тууштай баримталж, дэлхийн эдийн засагтай нягт уялдан хөгжих замаар олон улсад хөгжлийн шинэ боломжуудыг бий болгохоор зорьж байна. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны шинэ арван жилийг хамтран эхлүүлж, гишүүн орнуудын хөгжлийг дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад улам бүр их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна.
Тус ээлжийн чуулга уулзалт нь “Хамтын хөгжлийг дэмжин, хамтын цэцэглэлд хүрье” уриан дор амжилттай зохион байгуулагджээ. Нээлтийн ёслолд AIIB-ийн ерөнхийлөгч Жинь Личюн, гишүүн захирлууд болон дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, хоёр талын хөгжлийн сангууд, нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлийн манлайлагчид, төрийн бус байгууллагын төлөөлөгчид зэрэг нийт 2500 орчим хүн оролцсон юм.
