ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 25-ны өдөр Бээжинд Португалийн Төрийн сайд, ГХЯ-ны сайд Рангелтай Хятад, Португалийн ГХЯ-ны стратегийн хоёр дахь яриа хэлэлцээр хийлээ.
Ван И:
- Хятад, Португал хоёр бие биенээ хүндэтгэж, харилцан дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Хоёр тал улс төрийн мэргэн ухааныг ашиглан Макаогийн асуудлыг зөв зохистой шийдвэрлэж, түүхэн асуудлыг найрсаг зөвшилцлөөр зохицуулах үлгэр жишээг үзүүлэв. Өнгөрсөн жил Хятад, Португал хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн. Ши Жиньпин дарга, Марсело Ребело де Соуса нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгааг өндрөөр үнэлэв. Энэ жил Хятад, Португалийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жил, Хятад, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятад улс Португалийн талтай илүү тогтвортой, илүү үр дүнтэй, илүү эрч хүчтэй Хятад, Португалийн харилцааг бий болгож, Хятад, Европын холбоог харилцан итгэлцсэн, харилцан амжилтад хүрсэн стратегийн түнш болгоход бэлэн байна гэж хэлэв.
Ван И мөн:
- Хятадын орчин үеийн шинэчлэл бол бүх улс оронд харилцан ашигтай орчин үеийн шинэчлэл бөгөөд Португаль зэрэг дэлхийн улс орнуудад илүү их боломжийг олгох болно. Хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэн, Макаогийн гүүрний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, хоёр орны харилцааг улам ихээр хөгжүүлэх хэрэгтэй. Португалийн Европын холбоо болон олон улсын тавцанд гүйцэтгэсэн онцгой үүргийг Хятад улс чухалчлан үзэж, Португальтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад улс Европыг олон туйлт дэлхийн чухал туйл гэж үзэж, Хятад, Европын холбооны харилцааг эрүүл саруулаар хөгжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ранжел:
- "Нэг улс хоёр систем"-ийн бодлого Макаогийн хувьд амжилттай хэрэгжиж байгаад би маш их баяртай байна. Португаль Хятад, Португалийн харилцааг чухалчилж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Хятадын хөрөнгө оруулалт Португалийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид Португалид илүү олон Хятадын компаниуд хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг урьж байна. Бид Хятад улстай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, эрүүл мэнд, санхүү, дэд бүтэц, ногоон өөрчлөлт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.
