solongonews
2015 оны Давосын чуулга уулзалт ”Дэлхийн шинэ нөхцөл байдал” уриан дор болно
2015-01-15 20:41
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд дэлхийн эдийн засгийн жил тутамын 45 дугаар чуулга уулзалт буюу 2015 оны Давосын чуулга уулзалт Швейцарын Давос хотод болно.

        Чуулга уулзалтанд 140 гаруй улс орны 2500 гаруй төлөөлөгчид оролцоно. Дундад улсын Ерөнхий сайд Ли Кэчян уг хуралд оролцож үг хэлнэ. 14-ний үдээс өмнө Давосын чуулга уулзалтын гүйцэтгэх захирал Клаус Шваб Женевт дэх төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр, 2015 оны Давосын жил тутамын чуулга уулзалт нь "Дэлхийн шинэ нөхцөл байдал" уриан дор болж, макро эдийн засгийн талаас дэлхийн ирээдүйн хөгжлийн хандлагыг түлхүү авч хэлэлцэнэ гэдгээ мэдэгджээ.



Оны эхээр чуулдаг Давосын жил тутамын чуулга уулзалт дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Энэ оны чуулга уулзалт "Дэлхийн шинэ нөхцөл байдал" уриан дор явагдана. Өнөө дэлхий дахины нөхцөл байдал будлиантай, тогтворгүй хүчин зүйл оршиж, дэлхий дахин, бүс нутаг, улс орны хөгжилд харшилж байна гэж үзэж байна.

Давосын чуулга уулзалтын гүйцэтгэх захирал Клаус Шваб онцлохдоо, 2015 онд бид үзэн ядалт, задран бутрах зам болон нөгөө нь эвлрэн нэгдэж хамтран ажиллах хоёр замын уулзвар дээр тулж ирээд байна гэжээ.

"Дэлхийн шинэ нөхцөл байдал" энэхүү уриан дор болох чуулга уулзалтаар дэлхий дахин, эдийн засаг, бүс нутаг, аж үйлдвэр худалдаа, ирээдүйг хамарсан иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж, адил бус салбараас дэлхийн чухал хандлагын талаар богино, урт хугацааны үнэлгээ хийх болно. Тухайлбал, өдөр ирэх тусам хурцдаж байгаа улс төрийн байдал, валютын бодлогын талаарх төсөөлөл, цаг уурын өөрчлөлтийн эдийн засаг нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө, залуучуудын ажилгүйдэл, орлогын тэнцвэргүй байдал зэрэг асуудлууд болон улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, урлаг, соёл зэрэг салбарууд багтаж байна. Үүнээс гадна уг чуулга уулзалтаар 2014 онд баруун Африкт үүссэн одоог болтол үргэлжилсээр байгаа эбола вирусийн халдварын талаар авч хэлэлцэх юм байна.

4 хоног үргэлжлэх Давосын чуулга уулзалтаар нийт 250 тоглолтоор олон төрлийн асуудлыг судлан ярилцана. Энэ оны чуулга уулзалтаас юу хүлээж байна вэ гэсэн асуултанд Клаус Шваб хэлэхдээ: -Юуны өмнө "Дэлхийн шинэ нөхцөл байдал" урианы утга учрыг ойлгож, энэ хүрээнд асуудлыг зохицуулах арга замыг хайхыг хүсэж байна. Хоёрт, бүс нутгийн төлөөлөгчид ялангуяа мөргөлдөгч талуудын төлөөлөгчдийн оролцоо нь хоорондын итгэлцэл тогтоох болон итгэлцлээ сэргээхэд туслахыг хүсэж байна. Гуравт, уг чуулга уулзалт нь өнөөгийн өрсөлдөөн сорилтуудыг давахад чухал ахиц гаргахыг хүсэж байна гэжээ.

Жил бүр Давост дэлхийн олон орны удирдагчид хуран цугладаг. Чуулганы талаарх тоо баримтаас үзэхэд, энэ оны чуулга уулзалтад 140 гаруй улс орны 2500 гаруй төлөөлөгч түүний дотор 1500 гаруй бизнесийн төлөөлөл оролцоно. 40 гаруй орны тэргүүн буюу засгийн газрын тэргүүн, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Дундад улсын ерөнхий сайд Ли Кэчян нар оролцож үг хэлнэ. Мөн Африкийн орнуудын удирдлагууд, Украйны ерөнхийлөгч Порошенко болон Киев хотын дарга, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон худалдааны сайд Пенни Прицкер нар оролцоно.

Өнөөгийн эдийн засгийн байдалд Дундад улсын өсөлтөд илүү анхаарал хандуулж байна гэж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бүс нутаг стратегийн төвийн дарга үзэж байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл