Сайн байна уу, юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе!
- Баярлалаа, танд ч гэсэн шинэ оны мэнд хүргэж байна.
2014 онд хоёр орны бүх талын харилцаа ямар үр дүн, ахиц дэвшилттэй байсан бэ?
-Өнгөрсөн оны онцлох гол үйл явдал нь Монгол Улс, БНДАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиолоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон нь хоёр улсын харилцааны түүхэнд хамгийн тодоор бичигдсэн үнэлж баршгүй ач холбогдолтой, үеийн үед дуурсагдах түүхэн үйл хэрэг байсны зэрэгцээ үүрд нандигнан хадгалж, уламжлуулан бэхжүүлж, өргөжүүлэн баяжуулж байх учиртай юм.
2014 онд хоёр орны харилцааны хувьд дэвшилттэй жил байлаа. Улс төрийн харилцааны хувьд Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, Гадаад харилцааны сайд Л.Болд, ЭХЯ-ны дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид айлчлав. Түүнчлэн нийслэлийн захирагчийн алба, Нутгийн удирдлагын холбоо, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгчид айлчилж харилцаа холбоо тогтоон ажлын туршлага солилцон цаашид хамтран ажиллахаар тохиролцон санамж бичигт гарын үсэг зурлаа. Нам, аж ахуй, олон байгууллагын төлөөлөгчдийн айлчлал тасарсангүй. Энэ бол хоёр орны харилцаа өргөжиж буйн илэрхийлэл юм. ӨМӨЗО-ны талаас ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны дарга, Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жюнь, Намын Хорооны Байнгын хорооны гишүүн, Намын зохион байгуулалтын хэлтсийн дарга Ли Пеншинь болон Хөххотын төлөөлөгчид айлчлав. Хоёр талаас хийгдсэн айлчлал үр дүнтэй харилцан ашигтай найрсаг түвшинд болсон хэмээн үзэж байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд үр өгөөжөө өгсөн жил байлаа. Тус хугацаанд Өвөр Монголын хэмжээнд боомтоор тээвэрлэн нэвтрүүлсэн бараа нийт 50 сая гаруй тоннд хүрч, хилээр 4,0 сая орчим зорчигч харилцан зорчжээ. Эрээн, Манжуур, Ганцмод, Цэхээ, Зүүнхатавч, Өвдөг, Архашаатын боомтоор нэвтэрсэн зорчигчдын тоо болон ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ бол цаашдын харилцаа улам өргөжих шинжтэй байгааг харуулж байгаа юм. Бүх талын харилцаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Энэ хугацаанд хоёр талаас хийсэн худалдааны эргэлт 30.0 орчим хувиар өссөн байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ ч өслөө. Монгол Улс ӨМӨЗО-ны хувьд хамгийн том импортлогч гэдгээ дахин баталлаа.
Боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын харилцаа өргөжсөн хэмээн үзэж байна. ӨМӨЗО-ны Боловсролын тэнхим, ӨМИС-ийн холбогдох албаны ажилтнуудтай уулзалт зохион байгуулж энд суралцаж байгаа монгол оюутнуудын мэргэжил эзэмших чиглэл, суралцах орчин нөхцөлийн талаар санал тавихад талархалтайгаар хүлээж авсанд баярлаж байна.
Монгол Улсын сэтгүүлчдийн гурван баг Өвөр Монголд сурталчилгааны аялал хийж Өвөр Монголын хөгжлийн талаар Монгол Улсад танилцуулах ажил зохион байгуулсан нь иргэдийн харилцан ойлголцох, тухайн орны талаар ахиу мэдээлэл авах боломжийг хангаж өглөө.
-Өвөр Монголд нийт хэчнээн оюутан ямар мэргэжлээр суралцаж байна вэ? Дийлэнх нь сургуулиа төгсөөд хаана, ямар салбаруудад ажиллаж байгаа вэ?
- Одоогийн байдлаар нийт 1000 гаруй оюутан хэл, түүх, археологи, уламжлалт анагаах ухааны болон бусад чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшихээр шамдаж байна. Мөн магистр, докторантурт суралцаж байгаа залуус олон байна. Эдгээр суралцагсдын олонх нь БНДАУ-ын болон ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаад монголчууд бид ямагт баяртай байдаг юм. Сургуулиа дүүргэснийхээ дараа мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй залуус олон байна. Цаашид тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тухай БНДАУ-ын даргын айлчлалын үеэр яригдсан нь тун таатай сонсогдож байна. Бид мөнхийн хөршүүд болохоор бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй юм.
Байнгын зорчигчид хэр олон байна вэ? Голдуу ямар зорилгоор ирж байна?
- Байнгын зорчигчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Ер нь жилд дунджаар 1.0 сая орчим иргэн зорчдог гэсэн судалгаа байдаг. Ерөнхий Консулын Газрын хувьд тодорхой тоо хэлэх боломжгүй юм. ӨМӨЗО том зах зээл болохоор зорчигчид арилжаа наймаа хийх, биеэ эмнэлэгт үзүүлэх, бизнесийн харилцаа тогтоох зорилгоор зорчих нь их байна. Бас аяллын журмаар ирж байна. Төрийн албаны шугамаар болон бизнесийн чиглэлээр ирэх зочдын тоо нэмэгдсээр байгаа. Энэ бол тун сайшаалтай үзүүлэлт юм.
“Солонго” цуврал арга хэмжээний талаар та бодлоо хэлнэ үү?
- “Солонго” цуврал арга хэмжээ хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэхэд маш сайн гүүр болдог гэж би боддог. Цаашид энэ арга хэмжээг улам өргөжүүлэх нь зүйтэй юм. Энэ арга хэмжээ бол мэдээлэл авах, харилцан ойлголцох боломжийг олгодог сайхан хэрэг билээ. Өвөр Монголын хөгжил цэцэглэлтийн талаарх хамгийн арвин мэдээллийг бид Солонго сэтгүүлээс авдаг болоод удаж байна. Энэ дашрамд хэлэхэд Солонго сэтгүүл бол мэдээллийн багтаамж сайтай сэтгүүл юм.
Танайх байраа солих гэж байгаа тухай сонслоо. Хаашаа нүүх гэж байгаа тухай сонирхуулж болох уу?
- Одоогоор энэ асуудал яригдаагүй байна. Өвөр Монголд олон жил яригдсан. Гэхдээ ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар /АЗГ/ онцлон анхаарч санаа тавьж байдагт нь баяртай байна. Хоёр тал дахин сайтар ярилцаж байж шийдвэрлэх байхаа. Мэдээж шинэ байранд орох сонирхол байлгүй яах вэ. Ер нь шийдэгдэнэ биз дээ.

2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнийхээ талаар ярина уу?
- Уламжлалт арга хэмжээнүүд хийгдэнэ. Энэ онд Хөххотод ӨМӨЗО-ны АЗГ, Монгол Улсын ГХЯ хоорондын хамтын ажиллагааны Байнгын зөвлөлдөх уламжлалт хуралдааны Ⅲ дугаар хуралдаан болно. Хуралдаанаар олон чухал асуудлын тухай яригддаг уламжлалтай, хамтын ажиллагааны маш чухал хэлбэр байгаа юм. Хуралдааны талаар хоёр талаас ихээхэн анхаарал тавин ажилладаг болсон байна. Мөн 6 дугаар сард Хөххотод Монгол Улсын тухай үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. Энэ бол нэлээд чухал арга хэмжээ болно хэмээн бодож байна. Энэхүү сонирхолтой арга хэмжээг өргөнөөр үзэж сонирхохыг урьж байна.
Эрхэм таныг манай сэтгүүлд ярилцлага өгсөнд баярлалаа
- Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
