solongonews
”Цаст Алтайн бараа” уртын дууны цэнгүүн
2015-01-16 18:45
”Цаст Алтайн Бараа” уртын дууны цэнгүүн болов


        2015 оны 1-р сарын 16-нд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Жийрийн голд Хөхөгчин хонин жилийн цагаан сарын баярт зориулсан "Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны цэнгүүн боллоо. Үзэмчин нутгийнхан эрт дээр үед цаст Алтайгаас нүүж ирсэн домог түүхтэй билээ. Үзэм түүж амьдардаг хэмээн хэлэлцдэгээс Үзэмчин гэсэн нэрийдэл бий болжээ. Үзэмчин нутаг бол уртын дуу, аварга бөх, цагаан адуугаараа алдартай нутаг билээ.

        Тэр дундаа үзэмчин ардын уртын дуу бол өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөц онцлогтой учраас бусад үндэстэн ястны дуу хуураас онцгой ялгардаг. Өөрөөр хэлбэл, уртын дууны уран нугалаа, цайруулга, шуранхай, хаялга нь маш гайхалтай. Энэ удаагийн уртын дууны цэнгүүнд Шархүү, Цэцэнгэрэл, Оюунсоёл, Нахиа зэрэг үзэмчин нутгийн дөрвөн үеийн уртын дуучид оролцжээ. Уртын дуучдын хамгийн ахмад нь 76 настай, хамгийн отгон нь дөнгөж 6 настай байлаа.

"Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн цэнгүүнд "Их богд булган хангай", "Амгалант төрийн товчоо", "Урьхан хонгор салхи" зэрэг үзэмчин нутгийн үлгэр түүх шингэсэн алдартай дуунууд багтсан юм.

Дашрамд сонирхуулахад, уртын дууны цэнгүүний үеэр үзэмчин нутгийн ардын уран сайханчдаас бүрдсэн ардын найрал дууны хамтлаг дуу хуураа өргөсөн юм. Уртын дуу цууриатсан Үзэмчин нутагт шинэхэн цас орж, эх дэлхий цасан цагаан дээлээр хучигдаж, алтан наран дээрээс ивээсэн сайхан өвөл болж байна. Ийм ч учраас энэ нутгийн хүн ардын сэтгэл тэнэгэр, цог хийморьтой байсан юм. Ингээд сар шинийн баяраар та бүхэндээ үзэмчин нутгаас бэлтгэсэн цагаан сарын тусгай нэвтрүүлгээ хүргэх болно.

Зохиогч: Ч.Гантөмөр Н.Пүрэвжав
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл