solongonews
Эх байгаль
2015-01-15 09:33
Ямар нэгэн үгийн язгуур үүслийг мөрдөн нягтлах, эсвэл үгсийн холбоо харилцаа хийгээд тэдгээрийн нийлбэрээс үүссэн нарийн утгыг зүйчлэн шинжлэхэд өрх сөхсөн ч юм шиг, гэгээвч нээгдсэн ч юм шиг ой билиг онгойн гэгээрэх бөгөөд их холд хүрсэн мэт санагдах тохиолдол зөндөө байдаг. Тийм үед үг нэн нандин санагддаг.

 

Байгаль гэдэг үг чухам монгол хэлнээ хэзээнээс бий болсон гэдгийг би хараахан тодорхой мэдээгүй боловч,  “Байгаль”-тай ижилхэн,  “Бай”-аас язгуурт “Баян ”-г заасан утгатай байх хэмээн итгэдэг. Хэн нь хэндээ нөлөөлсөн тухай энд өгүүлэхгүй ч гэсэн Монгол, Турк, Уйгар, Казах зэрэг хэлэнд “Баян” гэдэг үг үндсэндээ адил байдаг аж. Байгаль нуурыг баян нуур хэмээн тайлдгийг бүгд мэддэг билээ. Мэдээж байгаагаараа баян, байгаараа үргэлж болдог биз.

 

Хятад хэлний ziran буюу Япон хэлний shizen хэмээх үгийг бид байгаль гэхээс гадна, төрөлх, аяндаа, өөрөө, онгон, уугуул гэх мэтчилэн орчуулдаг. Англи хэл зэрэг Европийн хэлэнд ч байгаль, уугуул чанар буюу төрөлх чанарыг nature гэдэг үгээр илтгэдэг юм байна. Хүн төрлөхтний байгалиа таньж нэрлэсэн арга ба санаа нь угаасаа бүр ижилхэн байжээ. Байгалиас олгосон мэдрэмж нь адилхан хойно, болзсон юм шиг тэгж нэрлэх нь ч зүй ёсны явдал юм.

Шагжийн тольд “Байгаа” гэдгийг “Бүл хэмээх үг” гэж тайлсан нь бас сонирхолтой. Энэ нь “Тэтгэвэл тэжээдэг, тэрсэлбэл дайсагнадаг байгаль нь хүнтэй хүйн холбоотой” гэдэг үгтэй нийцнэ. Монголчууд энэхүү хүйн холбоотой бүл  түшиглэн орших ертөнц дэлхийгээ зөвхөн байгаль гэсэн төдий биш, эх байгаль хэмээн дотночлон дууддаг нь гарцаагүй эрт дээдээс байгальдаа халгүй отор нүүдлээр ая журмыг нь ёсчлон дагаж, аж ахуй, амьдрал эрхлэн эзэгнэж ирсэн уламжлалтай нь холбоотой. Эх байгаль гэдгийг орчин одоо үеийн хэллэгээр хөрвүүлбэл “Эх баялаг” болж магадгүй ч, байгалийн нэгэн үр бүтээл болсон хүн төрлөхтний хувьд өөрийг нь эхлүүлсэн буюу төрүүлсэн  байгаль дэлхийгээ эх хэмээн хүндэтгэн дуудах нь яахын аргагүй шударга цайлган хандлага сан.

Ц.Чимдийн “Би монгол хүн” шүлэгт “Үлээж байгаа салхи нь /Үнсээд байгаа ч юм шиг/ Өршөөлт ээжийн минь гар /Илбээд байгаа ч юм шиг/ … Унасан энэ нутгаа би /Өөрийн бие шиг хайрлаж/ Угаасан тунгалаг мөрнөө би  /Эхийн сүү шиг санадаг/ гэх мэтээр байгалиа эхээр, эхээс төрсөн эрдэнэт биеэр зүйрлэн шүлэглэсэн бадгууд нь монголчуудын байгалийн үзэлт, эх нутагч сэтгэлийг тодхон илтгэсэн учир, шүлэг нь төдийгүй, шүлэгт нь ая хийж дуулсан дуу нь ч үй түмний сэтгэлд хүчтэй нөлөөлж, сэтгэлд хадагдан суугдсан билээ. Үүнийг нь байгаль дэлхийн нэгэн зай болсон эх орныхоо байгальд хандуулан бичсэн шүлэг нь Б.Явуухуулан гуай “Дэлхий” шүлэгтээ:  “Эцгийн дүр шиг буурал уулс /Эхийн сэтгэл шиг уудам тал/ Хүүхний минь гэзэг шиг гол мөрөн /Хүүгийн минь даахь шиг ой шугуй/ хэмээн эх байгалиа хөндөж боломгүй эрх дархан, халдаж боломгүй эмзэг энхрий бие болгон дээдлэн хайрлаж, бахархал төгс бичсэн нь эх дэлхийдээ зориулсан магтуу юм. Энэ хоёр уран бүтээлийн аль нь ч гэсэн байгалийг “Өөрийн бие” буюу “Бүлийн бие” болгон шүлэглэсэн нь байгаль ба хүний биеийн зүйтэй харьцааг уран ухаалаг мэдрүүлж чадсан билээ. Хүний бие байтугай, таван хошуу малынхаа зүсийг хүртэл байгалиас эхтэй хэмээн шүлэглэсэн Ж.Дашдондогийн хүүхдийн шүлэг “Таван зүс”-д: “Ботго ботго чи яагаад /Алтан шаргал болсон юм бэ/ Шаргын говьд төрсэн юм чинь /Шар болох нь аргагүй биз ээ/ хэмээн бичсэн нь ч зөвхөн уран төсөөлөл төдий биш, харин амьд бүхэн байгаль дэлхийгээс цэцэглэн дэлгэрсэн үр сад мөн гэдгийг ботгын үгээр үнэмшилтэй ухааруулснаараа ялангуяа хүүхэд багачуудыг эх байгальдаа улам ээлтэй сонирхолтой болоход ач холбогдолтой болсон юм .

Монголчууд эрт язгуураас уулаа дархлах, малаа сэтэрлэх, овоо дахих, тэнгэр газар уул усандаа идээ ундааны дээжээ өргөх, газар нутгаа онголон дахих, амьтны амь таслахыг арван хар нүгэлийн тэргүүнд тооцох зэрэг зан үйл ба шашны сахилга журмаар байгалиа хамгаалах ёс заншлийг ухааруулан таниулж байснаар үл барам, аль ч үед хатуу чанга хууль цаазаар чандлан мөрдүүлж байсан. Жишээлэхэд, 16 дугаар зууны үеийн монголын том хууль “Алтан ханы цаазын бичиг”-т: “Хэн нэгэн хүн хулан, тахийг зөвшөөрөлгүй хороох юм бол буруутай этгээдийг морь тэргүүтэй таван малаар … элбэнх, торх, тарвагыг тогтсон журам зөрчиж хороосон хүнийг хонь тэргүүтэй таван малаар торгоно” гэж нарийн тодорхой заасан зүйлүүд байдаг нь байгаль хэмээх бие, байгаль хэмээх баялгийг хэчнээн ихээр нандигнан эрхэмлэж байсныг нотолж байгаа юм. Мэргэдийн мөрдөлтөөс аврагдсан Тэмүүжин “Өшөөтөн дайснаас /өршөөн аврагч/ өнчин бидний /өмөг болсон/ өндөр дээд /Бурхан Халдун чамайг/ өглөө бүр /мялааж байя/ өдөр бүр /тахиж байя/ (Ц.Дамдинсүрэнгийн орчуулга) гэмээн өчлийг өчин, цацлыг сацаж, амьд мэнд аз заяагаа учир битүүлэг байгалийн өршөөл өмөглөлтэй холбогдуулан, бурхан халдуны хүчийг сүсэглэн бишич байсан нь үеийн үед уламжлагдсан мөнх тэнгэрийн шүтлэг лугаа нь аяндаа уялдсан гэхэд ойлгомжтой байх.

 “Хар байна гэдэг бол дээд гоо үзэсгэлэн” хэмээн тунхагласан Америкийн Нигер шүлэгч Ланстон Хэсүсгээр “Гол мөрнөө дуурайж сэтгэл минь гүн болсон” гэж бичсэн нь “Таван зүс”-ийн хурга, ишиг, тугал, унага, ботгын үгтэй өчүүхэн ч ялгаагүй юм. Бие сэтгэлийн эх дуурайл , эх баялаг болсон байгаль  уул ус , ургамал амьтан аливаа бүхэндээ сүсэг сүнстэй байгаль  уул хад нь хүртэл үгийг минь шингээж хатууждаг байгаль, ус нь хүртэл хариултаа мэддэг байгалиа бид алаг дэлхий хэмээн хайрлан нэрлэдэг боловч, өнө үүрд бүх үрсдээ алаггүй ханддаг эх юмсан.

Зохиогч: Б.Буянхишиг
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Холбоо сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл